Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа>2015 оныг эргэн дүгнэхэд>
2015 оныг эргэн дүгнэхэд
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам
2015 он хоёр орны хооронд түүхэн амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Энэ оны эхний хагаст Монгол улсын гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар Япон улсад ар араасаа айлчлан, мөн 10 дугаар сард Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Японы түүхэнд анх удаа Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хоёр дахь удаагаа Монгол улсад айлчлав. 3 жил орчим үргэлжилсэн хэлэлцээрийн дүнд энэ оны 2 дугаар сард "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" (EPA)-т гарын үсэг зурсан нь маш том амжилтын нэг байсан бол, 8 дугаар сард Япон улсын Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу Кэйданрэны тэргүүн С.Сакакибарагаар ахлуулсан төлөөлөгчид Монгол улсад ажилласан нь Японы хувийн хэвшлийнхэний Монгол улсыг сонирхох сонирхол өсч байгааг харуулсан явдал боллоо. Энэ онд гаргасан арвин амжилтаар дамжин хоёр орны "Стратегийн түншлэл"-ийн харилцаа цаашид улам бүр хөгжин дэвжих болно хэмээн найдаж байна.
Улс төр, аюулгүй байдлын салбар
Энэ жил хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал идэвхитэй явагдлаа. (Айлчлал тус бүрийн мэдээллийг холбоосоос үзнэ үү)
2 дугаар сарын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийсэн айлчлалын үед зохиогдсон дээд хэмжээний уулзалтын дараа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэлэлцээр болон хоёр орны хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. 2 дугаар сарын сүүлээр УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын урилгаар албан ёсны айлчлал хийн Ерөнхий сайд Ш.Абэд бараалхсан билээ. 3 дугаар сард Шадар сайд У.Хүрэлсүх /тухайн үеийн/-ийг Сэндай хотод Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хуралд оролцох үеэр тус хуралд оролцсон Ерөнхий сайдын түвшний зочдод Ерөнхий сайд Ш.Абэ үдийн зоог барьсан юм. 5 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж Ерөнхий сайд Ш.Абэтай дээд хэмжээний уулзалт хийсэн билээ. Түүнээс хойш 6 дугаар сард Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Токиод зохион байгуулагдсан Япон-Монголын Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан VII зөвлөлдөх уулзалтад оролцож Гадаад хэргийн дэд сайд М.Киүчи /тухайн үеийн/-тэй нөхөрсөг уулзалт хийж, мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” /WAW! 2015/ -д оролцох үеэрээ, 9 дүгээр сард Хууль зүйн сайд Д.Дорлигжав Япон улсад айлчлах үедээ тус тус Гадаад хэргийн Парламентын дэд сайд /тухайн үеийн/ К.Наканэтэй уулзалт хийлээ. Энэ мэтчилэн Монгол улсаас өндөр дээд түвшний зочид төлөөлөгчид Япон улсад айлчилснаар хоёр орны хоорондын яриа хэлэлцээ олон дахин хийгдлээ.
5 дугаар сард Япон улсын Байгаль орчны дэд сайд Ш.Китамура Монгол улсад айлчилж байгаль орчны салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэж, Япон улсын Ерөнхий сайдын тусгай элч Ц.Такэбэ Монгол улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд оролцохоор ирэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзсан билээ. 10 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол улсад айлчилсан. Ш. Абэ Ерөнхий сайдын хувиар Монгол улсад 2 удаа айлчлал хийсэн анхны Япон улсын Ерөнхий сайд болсон бөгөөд энэ удаа хугацаа богино байсан хэдий ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан нь айлчлалыг ихээхэн үр дүнтэй болгосон.
Аюулгүй байдлын салбарт 7 дугаар сард Япон улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Ячи Монгол улсад айлчилж, мөн 12 дугаар сард Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Японд айлчилж байгууллага хоорондын уулзалт хийсний дээр Ерөнхий сайд Ш.Абэд бараалхаж аюулгүй байдлын зөвлөл хоорондын харилцаа идэвхитэй явагдлаа.
Батлан хамгаалах салбарын тухайд 6 дугаар сард батлан хамгаалах салбар хоорондын харилцааны олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан хийгээд Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлж, “Хааны эрэлд-2015” олон улсын энхийг дэмжих хээрийн хамтарсан сургуульд сургагч багшаас эхлээд Япон улсын Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний 1 салаа анх удаа оролцож, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр чадавхийг тогтворжуулан сайжруулах, оролцогч улсуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн итгэлцлийг бэхжүүлэхийг зорив.
Эдийн засаг болон Эдийн засгийн хамтын ажиллагааны салбар
Энэ оны 4 дүгээр сард, иений хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн 2 дахь шатны зээлийн ноот бичиг солилцсон. Олон улсын стандартад нийцсэн японы шинэ техник, технологийг ашиглан тус нисэх онгоцны буудлыг барьж байгаа бөгөөд уг төсөл нь гарцаагүй “Өндөр чанартай дэд бүтэц”-ийн төлөөлөл мөн билээ. Уг төслийг 2017 оны 5 дугаар сард дуусгаж, шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахаар барилгын ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
Мөн 5 дугаар сарын 12-ны өдөр, буцалтгүй тусламжаар хэрэгжих “Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж, байгуулах төсөл”-ийн ноот бичиг солилцсон бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн эрсдлийг урьдчилан тооцоолж, байгалийн гамшигт тэсвэртэй, японы газар хөдлөлтийн стандартад тулгуурлан өндөр техник, технологи ашиглан тус эмнэлгийг барьж байгуулахаас гадна эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн бүтцийн хувьд 2 дугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг голлон үзүүлэхээс гадна 3 дугаар шатлалын зарим эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхээр барилгын зураг хийгдсэн. Тус төсөл мөн “Өндөр чанар бүхий дэд бүтэц”-ийн төлөөлөл болно. Улмаар уг эмнэлгийн барилгын ажлыг 2016 оны хавар эхлүүлэхээр төлөвлөж байна.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн тухайд, урьдын адил хүн бүрт хүртээмжтэй, шууд ашиг тусаа өгдөг төслийг дэмжин хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил мөн сургууль болон цэцэрлэгийн барилгыг засварлах ажлыг голлон нийт 17 төслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Уг буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь 1990 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймгийн нийт 203 суманд цэцэрлэг, сургуулийн барилгыг засварлах ажлыг ихэвчлэн гүйцэтгэж, нийт 482 төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна (2015 оны 11 сарын сүүлийн байдлаар). Тийнхүү энэ санхүүгийн жилд багтаан нийт 20 төслийг “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн тухайд ирэх жил мөн хүүхэд багачуудын боловсролын орчинг бүрдүүлэхийг зорин тусламжаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Соёл, иргэд хоорондын харилцааны салбарт
2014 онд хоёр орны соёлын харилцааны хөдөлгөгч хүч, суурь болсон “Соёлын солилцооны протокол” байгуулагдсаны 40 жилийн ой тохиож, соёлын салбарт олон арга хэмжээг өргөнөөр зохион байгуулсан билээ. 2015 онд 2014 оныхоо тэрхүү эрчимтэй, идэвхтэй байдлыг хадгалан, тэр эрчээрээ шинэ шинэ ажлуудыг эхлүүлсэнээс гадна, Монголд япон хэлний сургалт үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож буйг тэмдэглэн, өнөөг хүртэлх хамтын замналаа бататгахын хамт төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжин ажиллах зэргээр хоёр орны харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэхийг зорьж ажиллалаа.
7 дугаар сард Японы соёлыг сонирхогч Монголын залуучуудтай хамтран “Японы поп соёлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсан ба уг арга хэмжээг үзэж сонирхохоор нийт 4500 гаруй хүн цугласан билээ. Мөн 10 дугаар сард олон улсын Манга бүтээлийн уралдааны Гранпри шагналт Н. Эрдэнэбаяртай хамтран Монголд анх удаа “4 нүдэт манга тэмцээн”-ийг тун амжилттай зохион байгуулсан нь тэмцээний оролцогчид болон интернэт хэрэглэгчдийн зүгээс өндрөөр үнэлэгдсэн билээ.
Япон хэлийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд энэ жилээс тус Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг “Японоор хэн сайн ярих вэ?” уралдааныг сургууль хооронд өрсөлдөх журмаар явуулах болсон нь уг арга хэмжээнд улам бүр хүч нэмсэн алхам боллоо. Мөн Монголын япон хэлний багш нарын холбооноос байгуулсан Монгол дахь япон хэлний боловсролын 40 жилийн ойг тэмдэглэх комиссоос эрдэм шинжилгээний симпозиум болон оюутнуудын илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж, энэ жилийн хувьд япон хэлний боловсролыг дэмжих тал дээр урьд урьдынхаас илүү ажлууд хийгдэв. Энэ тэмдэглэлт онд Япон судлаач, орчуулагч Д. Төмөрбаатар Японы Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнагдсан нь туйлын цаг үеэ олсон үйл явдал болсон гэж үзэж байна.
Уламжлалт соёлын хувьд Японы Эзэн хааны ордны уламжлалт дуу хөгжмийн чуулга болох Гагакү чуулга Монголд айлчлан тоглолт хийснээс гадна Шёоги шатрын Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр 11 дүгээр сард явуулсан “Японд суралцах тухай танилцуулга, мэдээллийн яармаг” арга хэмжээнд Японы 14 их дээд сургуулийн төлөөлөл оролцож, Монголын 1,300 гаруй оюутан залууст мэдээлэл түгээв. Эдгээр арга хэмжээнүүд нь хоёр орны иргэд хоорондын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааны хүчээр зохион байгуулагдаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэх, хоёр орны харилцааг улам бүр өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Спортын салбарт “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр “Ховд аймагт баруун бүсийн жудогийн бэлтгэлийн төв барих төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэв. 9 дүгээр сард нээлтээ хийсэн уг бэлтгэлийн төв нь цаашид Монгол улсын баруун бүсэд жудо бөхийг хөгжүүлэхэд тус нэмэр болох юм. Мөн Кэндогийн аварга шалгаруулах тэмцээн, хүүхдийн сумогийн аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдаж, хоёр орны спортын харилцааг улам бүр өргөжүүлэв.
Мөн JENESYS2.0 хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн 2 дугаар сард 90 хүн, 11 дүгээр сард 110 хүнийг тус тус Японд аялуулж, Японы соёл болон тариаланчдын аж амьдрал, сургуулиудын үйл ажиллагаатай танилцуулсанаар хөтөлбөрт хамрагдагсдад Японы талаар цэгцтэй ойлголт өгч чадсан билээ. Тус Элчин сайдын яам нь энэ жилийн ажлуудынхаа үр дүнг харгалзан үзэж, хоёр орны Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ирээдүйд хоёр орны харилцааг үргэлжлүүлэн авч явах залуус хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал болохыг анхааран үзэж, цаашид ч залуус хоорондын харилцаа болон хүний нөөцийн салбарт хамтран ажиллах чиглэлээ баримтлах байр суурьтай байна.