Япон улсын Засгийн газрын "Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн
"Ховд аймагт баруун бүсийн жүдогийн бэлтгэлийн төв барих төсөл"
Жүдогийн ордны нээлт боллоо
2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
9 дүгээр сарын 27-ны өдөр, Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төслийн хүрээнд баригдсан Жүдогийн бэлтгэлийн ордны нээлтийн арга хэмжээ болж, тус яамнаас Хоёрдугаар нарийн бичгийн дарга К.Ямамото оролцлоо.
Уг төслийн гэрээнд 2015 оны 3 дугаар сард гарын үсэг зурсан ба нийт 92,278 ам.доллар (ойролцоогоор 184 сая төгрөг)-ийн өртөг бүхий соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын баруун бүсийн жүдогийн хөгжилд хувь нэмэр оруулах Жүдогийн бэлтгэлийн ордны барилгыг барьсан юм.
Хоёрдугаар нарийн бичгийн дарга К.Ямамото энэ үеэр "Өнөөдөр олон улсын спорт болтлоо хөгжөөд буй ч жүдо нь Японы уламжлалт тулааны урлагаас үүсэлтэй билээ. Япон улсын дэмжлэгээр баригдсан энэхүү төвд олон хүүхэд залуучууд бэлтгэл хийж, жүдогоор дамжуулан Японы уламжлалт тулааны урлагийн сэтгэлзүй, харилцан бие биеэ хүндлэх ухаанд суралцаж, бие сэтгэлээ хатуужуулан мундаг тамирчид болцгооно гэж найдаж байна" хэмээв.
Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан "Японы ард түмний дэмжлэг болон Япон улсын Засгийн газраас "Sport for Tomorrow" хөтөлбөрийг хэрэгжүүлж буйд гүнээ талархал илэрхийлье. Монголын баруун бүс нутагт анх удаа баригдсан энэхүү жүдогийн бэлтгэлийн ордонд тулгуурлан Монгол дахь жүдогийн хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана" хэмээн үг хэлэв.
Япон улсын Засгийн газар нь Соёлын буцалтгүй тусламжаар дамжуулан цаашид ч Монгол улсын соёл, дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.