Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

"Японд суралцах тухай танилцуулга, мэдээллийн яармаг-2015" боллоо

 

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

 

 

 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд "Японд суралцах тухай танилцуулга болон Мэдээллийн яармаг-2015" арга хэмжээг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Японы Оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японд Их Дээд сургууль төгсөгчдийн "JUGAMO" нийгэмлэг, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Монгол улсын их сургууль зэрэг олон байгууллага хамтран зохион байгууллаа.

 10-ны өдрийн нээлтийн арга хэмжээг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нээн мэндчилсэн бөгөөд, үргэлжлүүлэн БСШУЯ-ны дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, ЖУГАМО нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга Б.Насанбилэг нар мэндчилгээ дэвшүүлж, Японд суралцахыг зорьж буй оюутнуудад урмын үг илгээв.


 2

    Япон улсаас Монгол улсад суугаа         Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн
   Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү    төвийн захирал Ц.Даваадорж



 2

    БСШУЯ-ны дээд боловсролын хэлтсийн          ЖУГАМО нийгэмлэгийн
       дарга П.Эрхэмбулган         Нарийн бичгийн дарга Б.Насанбилэг



 Нээлтийн арга хэмжээний дараа Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тогтолцооны талаар тайлбар яриа болон Японы оюутныг дэмжих байгууллагын зүгээс Японд суралцах талаар ерөнхий мэдээлэл өгөх ажлыг үдээс өмнө ба үдээс хойш хоёр удаа зохион байгуулав. Танхим дүүрэн цугласан Японд суралцах хүсэлтэй оюутнууд болон тэдгээрийн гэр бүлийнхэн тайлбар яриаг шимтэн сонсож байлаа.


 2



 Үүний дараа Японд их, дээд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд өөрсдийн Японд суралцаж байсан үеийнхээ амьдрал болон төгсөж ирээд гаргасан амжилтынхаа талаар хуваалцав. С.Дөлгөөн (Шига их сургуулийн төгсөгч), Ү.Отгонбаяр (Токиогийн их сургуулийн магистр), Б.Одмагнай (Нихон их сургуулийн төгсөгч) нар Япон улсын Засгийн газрын шалгалтанд бэлдэх талаар болон Япон дахь оюутны амьдрал, судалгааны талаар үнэтэй зөвлөгөө өглөө.


 Хэсэг тус бүрийн төгсгөлд асуулт-хариултын цаг байсан ба арга хэмжээнд оролцсон хүмүүс төрөл бүрийн асуултыг ирүүлж байв. Түүнчлэн Япон улсын Элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих холбоо, ЖУГАМО нийгэмлэг болон 14 их сургуулийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булангууд ажилласан юм. Хоёр хоног үргэлжилсэн "Японд суралцах тухай танилцуулга болон Мэдээллийн яармаг-2015" арга хэмжээнд нийт 1300 гаруй хүн хүрэлцэн ирж, Монгол-Японы төвийн их танхим Японд суралцах хүсэлтэй хүмүүсээр дүүрэн байлаа.


 2
С.Дөлгөөн                Б.Одмагнай



 2
          Ү.Отгонбаяр           Ганцаарчилсан зөвлөгөө