Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа>2012 оныг эргэн дүгнэхэд>

 


2012 оныг эргэн дүгнэхэд

 

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам

         

   Япон, Монгол хоёр улс “Стратегийн түншлэл” байгуулахыг дипломат харилцааны нэгдсэн зорилт болгон тавьж, туйлын найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж байна. Ялангуяа 2012 он бол 1972 оны 2 сарын 24-ний өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 40 дэх жилийн ойн тэмдэглэлт жил тохиосон учир хоёр орны төр болон хувийн хэвшлийнхэн хамтран төрөл бүрийн салбарт олон янзын тэмдэглэлт үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
 2012 оны турш хоёр орны холбогдох хүмүүсийн ихээхэн хүчин чармайлтын ач гавьяагаар Япон, Монгол хоёр орны харилцаа ялангуяа ард түмний хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл нэн гүнзгийрсэн хэмээн үнэлж байна.

 

Өндөр, дээд хэмжээний уулзалтууд

 

 2012 он дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ойтой тохирч он гараад л 1 дүгээр сарын эхнээс Батлан хамгаалахын сайд Я.Ичикава /тухай үеийн/, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд сайд Ц.Сайтоо /тухайн үеийн/ зэрэг Япон улсын төрийн чухал хүмүүс Монгол улсад айлчилснаар эхэлсэн юм.  Түүнээс хойш 3 дугаар сард Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода /тухайн үеийн/, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд /тухайн үеийн/ нарын дээд хэмжээний уулзалт, 9 дүгээр сард Нью-Йорк хотод болсон Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода /тухайн үеийн/, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын дээд хэмжээний уулзалт, 10 дугаар сард Япон улсын Гадаад хэргийн сайд К.Гэнба /тухайн үеийн/, Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нарын уулзалт, 12 дугаар сард Доха хотноо болсон Япон улсын Байгаль орчны сайд Х.Нагахама /тухайн үеийн/ болон Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарын уулзалт зэрэг хоёр орны төрийн чухал хүмүүсийн дээд хэмжээний яриа хэлэлцээрүүд амжилттай явагдлаа.
 Ийнхүү дээд хэмжээний олон удаагийн уулзалтын үр дүнд, хоёр орны дипломат харилцааны нэгдсэн зорилт болох “Стратегийн түншлэл”-ийг байгуулахад чиглэсэн засгийн газар хоорондын төрөл бүрийн түвшний харилцааг идэвхжүүлж чадлаа. 3 дугаар сарын Ерөнхий сайд нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Япон, Монгол  хоёр орны Хамтарсан хэвлэлийн мэдээ гарсан бөгөөд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах хэлэлцээг эхлүүлэхэд санал нэгдсэн билээ. Мөн аюулгүй байдлыг хамгаалах салбар дах хамтын ажиллаагааг бэхжүүлэх үүднээс гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг шинээр бий болгох асуудлыг судалж байна.
 Мөн 1 дүгээр сард хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үр дүнд гарын үсэг зурагдсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т тулгуурлан Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Каназавагийн Монгол улс дахь айлчлалаас /12 сард/ гадна, Монгол улсын цэргийн хүчний чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг батлан хамгаалахын салбарт төрөл бүрийн хамтарсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа. Цаашлаад 12 дугаар сард Доха хотод Япон улсын Байгаль орчны сайд Х.Нагахама, Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар уулзаж Япон улсын хувьд анх удаа хэрэгжүүлэх гэж буй /хоёр талын “хамтарсан кредит олгох механизм”-ын тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зурлаа.
 Түүнчлэн, хоёр орны найрсаг харилцааны хөгжлийн үр дүнд засгийн газар хоорондын хамтын ажиллагаа бодитой үр дүн гарч өргөжсөн нэг жил боллоо.

 

 Эдийн засгийн харилцаан дах түлхэц, дэмжлэг

 

 “Стратегийн түншлэл”-ийг хэрэгжүүлэхийн тулд, хоёр орны засгийн газар харилцан ашигтай, бие биеэнээ нөхсөн эдийн засгийн харилцааг бүрдүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд “Стратегийн түншлэл”-д нийцсэн хоёр орны эдийн засгийн харилцааг бий болгохыг зорьж байна. Энэ утгаараа хоёр орны хувийн хэвшлийн салбар дах хамтын ажиллаагааг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг туслалцаа бол манай элчин сайдын яамны гол үүрэг юм гэж ухамсарлаж байна.
 2012 оны хоёр орны эдийн засгийн харилцаанд тэмдэглэхүйц үйл явдал бол дээр дурдсанчлан 3 дугаар сарын Ерөнхий сайд нарын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийн хэлэлцээг эхлүүлэх тал дээр санал нэгдсэн явдал юм. Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсуудын дотор Чөлөөт худалдааны хэлэлцээр /FTA/-ийг байгуулаагүй цорын ганц улс бөгөөд “гуравдагч хөрш орнууд”-ын дотроос гадаад бодлогын тал дээр илүүтэйгээр анхааран үздэг Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн билээ. Хэлэлцээг эхлүүлэх тал дээр санал нэгдсэнээр, 6 сард Улаанбаатар хотод Нэг дэх удаагийн хэлэлцээ, 12 сард Япон улсад Хоёр дахь удаагийн хэлэлцээ амжилттайгаар зохион байгуулагдсан бөгөөд цаашид уг хэлэлцээг эрт хугацаанд дуусган хоёр орны хоорондын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны орчин дахь саад арилан жинхэнэ харилцан ашигтай, нэг нэгнийгээ нөхсөн эдийн засгийн харилцаа тогтоно хэмээн найдаж байна.
 Түүнээс гадна 2012 онд хоёр орны эдийн засгийн харилцаанд тодорхой ахиц дэвшил гарсан. Жишээ нь нэмүү өртөг өндөртэй аж үйдвэрийн бүтээгдэхүүн /Нарны зай хураагч хавтан зэрэг/-ийг Япон улс руу экспортлох, Японы хүйтэн газарт ашиглагддаг технологиор барьсан орон сууц зэрэг Японы компаниудын хөрөнгө оруулалтын олон төсөл амжилтанд хүрч чадлаа.
 Мөн 3 сард гарсан хэвлэлийн хамтарсан мэдээн дээр Монгол улсын цаашдын эдийн засгийн хөгжлийг авч явах стратегийн орд болох Таван толгой ордын ашиглалтын тал дээр “Японы оролцоог хангах бодлогыг баримталж ажиллах” хэмээн Монголын тал илэрхийлсэн явдал нь шилдэг технологи, туршлага ихтэй манай улс болон байгалийн баялаг ихтэй Монгол улсын хооронд харилцан ашигтай харилцааг бий болгоход чиглэсэн хоёр орны эдийн засгийн цаашдын харилцаа үсрэнгүй хөгжих боломжийг нээх том амлалт боллоо.

Эдийн засаг хамтын ажиллагааны тал дээр


 Япон улсын засгийн газар Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засагт 1990 оны эхээр шилжсэнээс хойш, Монголын засгийн газрын хүчин чармайлтыг тууштай дэмжсээр ирсэн билээ. 2012 он бол өдийг хүртэлхи хоёр орны хүчин чармайлтыг тодотгон харуулсан мөн 40-н жилийн ойд тохирсон төрөл бүрийн үр дүнг харуулсан жил болж чадлаа.
 Японы засгийн газар энэ 2012 онд 2004 онд баталсан Монгол улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, “Эдийн засгийн тогтвортой өсөлтөөр дамжуулан ядуурлыг бууруулах бие даасан хүчин чармайлт”-ыг дэмжих үйл ажиллагааг хэтийн зорилт болгосон Монгол улсад үзүүлэх тусламжийн чиглэлээ баталж, 1.Уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, засаглалыг бэхжүүлэх, 2.Бүх хүнд өгөөжтэй өсөлтийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж, 3.Улаанбаатар хотын чадавхийг бэхжүүлэх гэсэн гурван гол салбарыг дунд хугацааны зорилт болгон, Монгол улсын хэрэгцээнд нийцсэн илүү үр дүнтэй, үр ашигтай тусламжийг хэрэгжүүлэхээр боллоо.
 Дээрхи шинэ тусламжийн чиглэлийг хэрэгжүүлснээр, Монгол улс “гуравдагч хөрш орнууд”-ын дотроос харилцаагаа бэхжүүлэхэд илүүд анхаарч буй хамгийн том туслалцаа үзүүлэгч улс болох манай улстай харилцах харилцаа хувийн хэвшлийн эдийн засгийн харилцаанд хүртэл үр дүн гарахуйцаар ихээхэн хэмжээгээр хөгжинө хэмээн найдаж байна.
 2012 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт хэрэгжсэн тодорхой төсөл бол том хэмжээний дэд бүтцийн төсөл болох “Улаанбаатар хотын гүүрэн гарцын барилгын төсөл”-өөр баригдсан “Нарны гүүр” юм. “Нарны гүүр” бол Улаанбаатар хотын хурцдаад байгаа замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулан, мөн Японы хамгийн шинэлэг технологийг Монголд шилжүүлсэн гэдгээрээ өндрөөр үнэлэгдэн 2012 онд Монголын “Оны онцлох үг”-ийн тэргүүн шагналд ч нэр дэвшсэн явдал нь Улаанбаатар хотын иргэдэд өргөн хүрээтэйгээр тусламжийн үр өгөөжөө үзүүлсний баталгаа гэж бодож байна. /Жич: “Нар” гэдэг нь Монгол улсаас зүүн зүгт орших Япон улсыг илэрхийлсэн зүйрлэл юм. 2003 онд баригдсан “Улаанбаатар хотын авто зам барих төсөл”-өөр баригдсан замыг “Нарны зам” гэж нэрлэдэг./
 Мөн 1990 онд эхэлсэн “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн төслийн хэрэгжсэн тоо нь дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ойтой давхцан энэ 2012 онд 400-г давсан нь Монгол улсын орон нутгийн нийгэмд гүн шингэж чадсан “Өвсний үндэс хөтөлбөр” нь Монголын ард түмэн болоод орон нутгийн нийгэмд нүдээ олж амилж чадсаны баталгаа бөгөөд түүхэн үр дүн хэмээн ойлгож байна.
Мөн “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”, “ЕБС-ийн барилга өргөтгөлийн төслийн дөрөв дэх шат”-ны хэрэгжилтээр бага дунд сургуулийн барилгыг барих, “Нарны энерги ашиглан цэвэр эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх төсөл”-өөр  дахин ашиглах боломжтой цахилгаан эрчим хүч гаргах системийг нэвтрүүлэх зэрэг төрөл бүрийн төслийг хэрэгжүүлснээр, манай улс бүхий л хүчин чадлаараа эдийн засгийн хамтын ажиллагааны салбараар дамжуулан Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлж чадлаа.
 Монгол улс руу чиглэсэн Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн тухайд, Монгол улсын хурдацтай эдийн засгийн хөгжлийг дагаад зөвхөн нэг талын эдийн засгийн туслалцааны шатнаас харилцан ашигтай, бие биенээ нөхсөн эдийн засгийн харилцааг зорилт болгосон “Стратегийн түншлэл” хэмээх ойлголтонд үндэслэн Монгол улс бол эдийн засгийн хувьд бүрэн чадамжтай улс гэдэг үүднээс манай улсаас үзүүлэх буцалтгүй тусламжийг төгсгөх үе ирсэн гэдэг нь эргэлзээгүй юм. Монгол улсын 1 хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4000 ам доллар хүрэх гэж байгаа бөгөөд 2016 он гэхэд 10,000 доллар ч давна хэмээн тооцогдож байгаа одоогийн нөхцөл байдлаас дүгнэхэд манай улс Монгол улсын “Хандивлагч” биш “Түнш орон” гэсэн байр сууриас Монгол улсын хэрэгцээнд тулгуурласан хөгжлийн төлөөх үйл ажиллагааг нь цаашид ч идэвхтэй дэмжиж хамтран ажиллах нь чухал хэмээн үзэж байна.

Соёлын харилцаа болон иргэд хоорондын харилцаа


 Ярианы эхэнд дурьдсанчлан дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ой тохиосон энэ 2012 он, хоёр оронд олон янзын тэмдэглэлт үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа. Энэ ойн жилийг амжилттай тэмдэглэхийн тулд хоёр орны засгийн газар “40-н жилийн ойн албан ёсны арга хэмжээ” гэсэн тодотгол болон дурсгалын логог ашиглах зөвшөөрлийг олгох зэрэг ард иргэд ч идэвхтэй оролцохуйц орчныг бүрдүүллээ.
 Монголд Японы уламжлалт дуу хөгжим, сонгодог хөгжмийн тоглолт, уламжлалт соёлын үйл ажиллагаа зэргийг тус ЭСЯ нь дангаараа болон бусадтай хамтран зохион байгуулснаас гадна, Япон, Монгол хоёр орны хувь хүмүүс болон байгууллагууд төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулснаар 60 гаруй тэмдэглэлт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан 40-н жилийн ойтой холбогдох нэвтрүүлэг, тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцсон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монголын ард түмэнд өргөнөөр Японы соёлын гайхамшиг болон Япон, Монголын найрсаг харилцааны өнөөгийн байдлын талаархи ойлголтыг гүнзгийрүүлэхийн сацуу холбогдох хүмүүсийн хүчин чармайлтаар Монгол улс дахь Япон улсын талаархи ойлголтыг улам дээшлүүлсэн гэдэгт бат итгэлтэй байна.
 Мөн тус ЭСЯ-нд хоёр улсын ард түмний харилцан ойлголцлын суурийг бэхжүүлэхийн тулд хоёр орны иргэд хоорондын харилцан солилцоо, айлчлах боломжийг идэвхжүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс 2012 оны 5 дугаар сараас эхлэн визний олголтонд шаардлагатай материал болон визний нөхцлийг илүү хөнгөвчилсөн. Үүний үр дүнд 2012 оны визний олголтын тоо нь ердийн жилүүдээс даван 10,000 илүү гарсан бөгөөд Монголын иргэдийг илүү олноор манай улсад зорчих боломжийг бүрдүүлж чадлаа. Мөн дээр дурьдсанчлан дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ойтой холбогдуулан ердийн жилүүдийн дунджаас олон тооны Япон иргэд Монгол улсад айлчилсан зэрэг хоёр улсын иргэд хоорондын солилцоо, айлчлал их хэмжээгээр нэмэгдлээ.
 Энэ мэтчилэн соёлын харилцаа, иргэд хоорондын харилцааны өргөжилт нь хоёр орны иргэдийн хоорондох итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэн, хоёр орны найрамдалт харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн цаашлаад хоёр орны найрамдалт харилцааны хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байна.

Бүс нутаг, олон улсын тавцан дахь асуудлын шийдвэрт чиглэсэн хамтын ажиллагаа


 Япон, Монгол улс бол олон улсын тавцанд ч найрсаг харилцаатай байж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дах асуудлын шийдвэрт чиглэсэн хоёр орны холбоо батжиж байна.
 Монгол улс нь 2012 оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буй бөгөөд манай улс Монгол улстай нийтлэг үнэт зүйлс бүхий ардчилсан төрт улсын хувьд Монгол улсын Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дэх санаачлагыг дэмжиж, ардчиллыг дэлгэрүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ирсэн.
 Монгол улс Хойд Солонгостой дипломат харилцаатай бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх бодлогыг баримтлан 2012 оны 12 дугаар сард таван жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулсан Япон, Хойд Солонгосын засгийн газрын хоорондын яриа хэлэлцээг амжилттай явуулахад дэмжлэг үзүүллээ.
Мөн Япон, Монгол хоёр улс нь олон улсын тавцанд дээр дурдсан зүйлүүдээс бусад төрөл бүрийн түвшинд нягт холбоогоо бэхжүүлж байна.
 Ийнхүү 2012 он бол дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ойд тохирсон шинэ ахиц дэвшилттэй жил боллоо гэж тэмдэглэн хэлэхээр байна.
 Ингээд цаашид хоёр орны харилцааг бүхий л талаар хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө тус ЭСЯ нь бүх хүчээ дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.