Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >
Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол улсад хийсэн айлчлал
2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Гэрэл зургийг: Япон улсын ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба
10 сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ш.Абэ Монгол улсад айлчлал хийв. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхийн дагуу хүргэж байна.
• 1 Хөтөлбөр
• 2 Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийсэн хэлэлцээ
• 3 Бусад хөтөлбөр
1 Хөтөлбөр
Улаанбаатарын цагаар
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалт (Ерөнхийлөгчийн өргөө)
(13:50~14:10)
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийсэн хэлэлцээ (Их Тэнгэр цогцолбор) (14:15~14:50)
Гарын үсэг зурах ёслол, хамтарсан мэдээлэл (Их Тэнгэр цогцолбор)
УИХ-ын дарга З.Энхболдтой хийсэн уулзалт (Төрийн ордон)(15:27~15:44)
Япон иргэдийн дурсгалын цогцолборт цэцэг өргөв(16:05~16:15)
2 Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийсэн хэлэлцээ
(1) Япон, Монгол хоёр орны харилцааны талаар
1. Ерөнхий сайд Ш.Абэ "Энэ удаагийн айлчлал маань Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Монгол улсад хийж буй 2 дахь удаагийн айлчлал бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчтэй нийтдээ 8 удаа дээд хэмжээний уулзалт хийлээ. Ерөнхий сайдын хувиар Монгол улсад 2 удаа айлчлал хийсэн анхны Японы Ерөнхий сайд болж буй бөгөөд энэ нь уг айлчлалд манай Засгийн газар онцгойлон анхаарч байгааг илтгэж буйн хэрэг юм. Түүнчлэн, энэ онд Монгол улсын Төрийн гурван өндөрлөг Япон улсад айлчлал хийсэн энэ мэт удаа дараагийн өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалд талархалтай хандаж байгаа ба энэ удаагийн айлчлалыг манай хоёр орны барилдлага болон "Стратегийн түншлэл"-ийн хөгжлийн нотолгоо болгохыг хүсч байна" хэмээв.
2. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Энэ онд 2 дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна. Мөн Монголын тал Япон улсын Засгийн газартай тогтоосон найрамдалт харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгдөг. Япон улсад хийсэн өмнөх айлчлалын үеэр Ерөнхий сайд Ш.Абэ "Эрч нэмэх" санаачлагыг дэвшүүлэн, манай хоёр орны харилцаа Стратегийн хувьд өргөжин хөгжиж байна. Хоёр орны харилцааны хөгжлийн төлөө цаашид ч өндөр дээд түвшний харилцааг үргэлжлүүлэхийг хүсч байна. Ерөнхий сайд Ш.Абэ уг албанд томилогдсоноосоо хойш 2 дахь удаагаа айлчлал хийж байгааг өндрөөр үнэлж байна" хэмээв.
(2) Улс төр, аюулгүй байдал
1. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Ерөнхий сайд Ш.Абэгийн Засгийн газрын идэвхтэй энх тайванч бодлогыг цаашид ч үргэлжлүүлэн дэмжинэ" хэмээв.
2. Үүний хариуд, Ерөнхий сайд Ш.Абэ "Япон улсын идэвхтэй энх тайванч бодлогыг дэмжиж буйд талархлаа илэрхийлье. Олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд тулгуурлан цаашид улам бүр идэвхтэй хувь нэмрээ оруулах ба саяхан баталсан Энх тайван, аюулгүй байдлын хууль нь идэвхтэй энх тайванч бодлогыг хэрэгжүүлэх гол цөм юм. Мөн Япон, Монгол хоёр орны Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа идэвхжин, энэ оны 6 сард зохион байгуулагдсан "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд анх удаа Япон улс Өөрийгөө хамгаалах хүчний салааг оролцуулсан. Мөн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсад Өөрийгөө хамгаалах хүчний баг зам барилгын ажлын дадлага хийв. Цаашид эдгээр хамтын ажиллагаа, харилцааг улам бүр хөгжүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн энэ 9 сард Япон, АНУ, Монголын гурван талт анхдугаар уулзалт зохион байгуулагдсанд баяртай байгаа ба стратегийн ач холбогдолтой энэ мэт яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байна" хэмээв.
(3) Бүс нутаг, олон улсын байдал
1. Ерөнхий сайд Ш.Абэ "Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужин турших асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн, өдөөн хатгасан үйл ажиллагаагаа зогсоох, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхийг Хойд Солонгосоос хатуу шаардах ёстой. Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг Монголын тал ойлгож, хамтран ажилладагт талархал илэрхийлэхийн хамт аль болох ойрын хугацаанд шийдвэрлэхэд Монголын тал үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Цаашлаад Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн орноор сонгох, мөн G4 (Япон, Герман, Энэтхэг, Бразил) бүлгийн үйл ажиллагааг дэмждэгт талархал илэрхийлхийн зэрэгцээ цаашид ч үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах хүсэлтэй байна" хэмээв.
2. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Манай хоёр улс зөвхөн хоёр талт харилцаагаа хөгжүүлэх төдийгүй олон улсын тавцанд ч мөн хамтран ажиллах нь зүйтэй бөгөөд, НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон улсын хувь нэмрийг өндрөөр үнэлэн, Япон улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн орноор сонгогдохыг дэмжинэ. Монгол улс мөн адил Зүүн хойд Азийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж байгаа" хэмээв.
(4) Эдийн засгийн харилцаа
1. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн "Эрч" санаачлагад тулгуурласан дунд хугацааны хөтөлбөр хэрэгжих шатандаа ороод байна. Ялангуяа Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (цаашид ЭЗТХ гэх)-т хоёр тал гарын үсэг зурж, соёрхон баталсан бөгөөд өнөөдөр (10 дугаар сарын 22-ны өдөр) уг ЭЗТХ-ийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай гурван чухал хуулийг батлаад байна※. Таван толгойн нүүрсний орд ашиглах тал дээр япон мэргэжилтэн илгээн, зүүн чиглэлийн төмөр замыг урагш ахиулах асуудалд нааштай хандан, уг төслийн ТЭЗҮ-г боловсруулах болсны зэрэгцээ "ДЦС-5" төсөлд японы компани оролцох болсонд, мөн шинэ нисэх онгоцны буудлын төсөлд япон тал хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Цаашид шинэ нисэх онгоцны буудлын менежментийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Мөн 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмыг зохион байгуулахад Монголоос Япон руу ажиллах хүч илгээхэд бэлэн байна" хэмээв.
2. Ерөнхий сайд Ш.Абэ "Тодорхой, тууштай эдийн засгийн бодлого нэн чухал бөгөөд Монгол орны хөгжлийн төлөө эдийн засгийн зөвлөх илгээх зэргээр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна. Томоохон хэмжээний уул уурхайн орд ашиглах төсөл нь Монгол орны эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур бөгөөд Таван толгойн орд, зүүн чиглэлийн төмөр замын тухайд, уг төсөлд одоогоор оролцох амлалт өгөх боломжгүй байгаа боловч энэхүү төслийн үр өгөөж болоод ТЭЗҮ-ийн талаар Япон талын холбогдох албаны хүмүүсээр сайтар судалгаа хийлгэх бодолтой байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр гарын үсэг зурах болсон санамж бичгийг талархан сайшааж, уг асуудлаар Японы компаниудад хангалттай тайлбар хийх ажлыг Ерөнхий сайд Та манлайлан зохион байгуулна гэдэгт найдаж байна. Япон, Монголын ЭЗТХ-г хүчин төгөлдөр болоход шаардлатай гурван хуулийг Монгол улсад айлчлал хийх үеэр баталсан нь※ тэмдэглэлт үйл явдал бөгөөд үүнд талархахын хамт, цаашид ЭЗТХ-ээр дамжин хоёр орны харилцаа хөгжинө гэдэгт найдаж байна. Шинэ нисэх онгоцны буудлын төсөлд Японы компани оролцож мэдлэг, туршлагаасаа хуваалцах болсонд талархаж байна" хэмээв.
※ Монголын талын мэдээлснээр, аливаа хуулийг Монгол улсын УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар анхны болон эцсийн хэлэлцүүлэгийг хийсний дүнд баталдаг бөгөөд энэ удаагийн Япон, Монголын ЭЗТХ-тэй холбоотой хуулийн төслүүдийг 22-ны өдөр уг хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Анхны хэлэлцүүлгээр эдгээр хуулийг батлах хандлагатай байсан ч, тухайн өдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийх шаардлагатай болсон. 23-ны өдрийн байдлаар хэлэлцэх өдрийг хараахан товлоогүй байна.
3 Бусад хөтөлбөр
(1) Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалт
1. Ерөнхий сайд Ш.Абэ "Ерөнхийлөгч Танд амласан ёсоороо Монгол улсад хийх 2 дахь удаагийн айлчлал маань хэрэгжин, Тантай 8 дахь удаагаа уулзаж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна. Энэ удаагийн айлчлал нь "Стратегийн түншлэл" болоод Ерөнхийлөгч Тантай тогтоосон найрсаг, дотно харилцааны илрэл юм. Тантай хийсэн өмнөх уулзалтын үеэр Япон улсын идэвхтэй энх тайванч бодлогыг дэмжсэнд талархал илэрхийлье. Цаашид Таван толгойн нүүрсний ордыг ашиглах, зүүн чиглэлийн төмөр зам барих тухайд, одоогийн байдлаар уг төсөлд оролцох амлалт өгөх боломжгүй байгаа ба санал болгосон асуудлаар, төслийн үр өгөөж болон ТЭЗҮ зэргийг японы талын холбогдох албаны хүмүүсээр сайтар судалгаа хийлгэх хүсэлтэй байна. Санамж бичигт гарын үсэг зурах болсонд талархалтай хандаж байна" хэмээв.
2. Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ерөнхий сайдын хувиар 2 дахь удаагаа Монгол улсад айлчлал хийсэн анхны тохиолдол бөгөөд үүнд талархал илэрхийлье, Ерөнхийлөгчийн өргөөнд гэргийн хамт зочлон ирсэн анхны гадаадын Засгийн газрын тэргүүн болсонд баяртай байна" хэмээв.
(2) УИХ-ын дарга З.Энхболдтой хийсэн уулзалт
1. Уулзалтын өмнө, Ерөнхий сайд Ш.Абэ Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлох үеэр УИХ-ын гишүүд халуун дотноор мэндчилэв.
2. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ш.Абэ "Энэ удаагийн айлчлал нь Монгол улсыг чухалчилж үзэж байгаагийн илрэл гэдэг үүднээс
(1) Өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалаар "Стратегийн түншлэл"-ийн хөгжүүлж байгааг сайшаан дэмжиж байна.
(2) Энэ оны 2 сард УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалыг үнэлээд, Парламент хоорондын харилцаа цаашид идэвхжинэ гэдэгт найдаж байна.
(3) Өнөөдрийн УИХ-аар Япон, Монголын ЭЗТХ-ийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай хуулийн төслүүдийг баталсанд талархал илэрхийлье. ЭЗТХ-ээр дамжин хоёр орны эдийн засгийн харилцаа гүнзгийрнэ гэдэгт найдаж байна" хэмээв.
3. Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд "Парламент хоорондын харилцаа нэн чухал бөгөөд Монголын тал Япон улстай харилцах харилцаагаа чухалчилдаг. Хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг урагшлуулахыг хүсч байна" хэмээв.
(3) Япон улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн мэдээлэл хийв
1. Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү болон Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн нарын "Монгол улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т (хураангуй) гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ш.Абэ болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар байлцав.
2. Гарын үсэг зурах ёслолын дараа Ерөнхий сайд Ш.Абэ болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хамтарсан мэдээлэл хийв.
(4) Япон иргэдийн дурсгалын цогцолборт цэцэг өргөв
Ерөнхий сайд Ш.Абэ Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборт цэцэг өргөв. Ерөнхий сайд Ш.Абэ уг цогцолборт 2013 оны 3 сараас хойш 2 дахь удаагаа очлоо.