Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >



Япон, Монголын Гадаад хэргийн сайд нарын уулзалт

 

2016 оны 9 дугаар сарын 27-ны өдөр

 

 

 

Япон улсын Гадаад хэргийн сайд Фүмио Кишида 9 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойш 5 цаг 35 минутаас Япон улсад айлчлал хийж буй Монгол улсын Гадаад харилцааны сайд Цэндийн Мөнх-Оргилтой 55 орчим минутын турш хийсэн уулзалтын товч агуулгыг доор сийрүүлэв.

1 Хоёр орны харилцаа
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдаар томилогдсоноос хойш Ази тив дэх анхныхаа айлчлалыг Япон улсад хийж байгаад талархаж буйгаа Гадаад хэргийн сайд Ф.Кишида илэрхийлэв.

Хоёр орны Гадаад хэргийн сайд нар, энэ оны 6 сард  Япон улс, Монгол улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) хүчин төгөлдөр болсныг талархан сайшаахын хамт энэ оны 7 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Япон, Монголын дээд хэмжээний уулзалтын үеэр нотлосон хоёр орны дараагийн шатны үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийг боловсруулах ажлыг түргэтгэхийн хамт Япон, Монгол хоёр орны харилцааг харилцан ашигтай болгохоор санал нэгдэв. Түүнчлэн, ирэх хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиох гэж буйг харгалзан цаашид хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцов.

2 Хойд Солонгосын байдал

Хоёр орны Гадаад хэргийн сайд нар Хойд Солонгосын цөмийн туршилт, пуужин харвасан зэрэг сүүлийн үеийн үйл явдлын талаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Гадаад хэргийн сайд Кишида “Хойд Солонгосын зүгээс удаа дараа цөмийн туршилт явуулж, баллистик пуужин харвах зэргээр сүрдүүлэг хийх нь шинэ түвшинд хүрээд байгаа тул үүнд урьд өмнөхөөс өөр хэлбэрийн хариу арга хэмжээ авах шаардлага тулгараад байна. Үүнээс хойш аливаа өдөөн хатгасан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүчтэй илэрхийлэх нь зохистой бөгөөд шинэ хориг арга хэмжээг багтаасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг батлахад хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв. Мөн хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг түргэн шийдвэрлэхийн тулд Монголын тал хамтран ажиллахаа дахин нотлов. Хоёр орны Гадаад хэргийн сайд нар Хойд Солонгосын байдал болон бусад бүс нутгийн асуудлаар цаашид ч хамтран ажиллахаар санал нэгдэв.

(Жич) Япон улс, Монгол улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн (ЭЗТХ) тухай

2012 оны 3 сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээг эхлүүлэхээр тогтсон. 2014 оны 7 сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын үед зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд 2015 оны 2 сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурж, 2016 оны 5 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо хоёр улс уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын хууль, тогтоомжийн зохицуулалтыг хийж дууссан тухай ноот бичиг солилцсоны дараа 2016 оны 6 сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон.

Япон улсын тухайд уг хэлэлцээрийг байгуулсан 15 дахь тохиолдол бол Монгол улсын хувьд анхных юм.