Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >
Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол улсад хийсэн айлчлал
2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
7 дугаар сарын 14-ний өдөр АСЕМ-ын Дээд
түвшний уулзалтад оролцохоор Монгол улсад айлчлал хийж буй Япон улсын Ерөнхий
сайд Ш.Абэ Монгол улсын Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат болоод УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзалт хийсэн бөгөөд уулзалтын
товч агуулгыг доор сийрүүлэв.
1 Хөтөлбөр
7 дугаар сарын 14-ний өдөр (Баасан) үдээс хойш
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн дээд хэмжээний уулзалт
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн дээд хэмжээний уулзалт
УИХ-ын дарга М.Энхболдтой хийсэн уулзалт
7 дугаар сарын 14-ний өдөр (Баасан) орой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос барьсан оройн зоог
2 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн дээд
хэмжээний уулзалт (17 цаг 10 минутаас 25 орчим минут үргэлжлэв)
Гэрэл зургийг:
ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба
Гэрэл зургийг:
ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба
(1)Уулзалтын
эхэнд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ш.Абэд хандан Монгол улсад хийж буй
3 дахь удаагийн айлчлалыг талархан хүлээн авч буйгаа дурьдаад, Зөвлөхүүдийн
танхимын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэхийн хамт Япон, Монголын
харилцааны хөгжилд үзүүлж буй Ерөнхий сайд Ш.Абэгийн дэмжлэгт талархал илэрхийлэв.
Үүнд Ерөнхий сайд Ш.Абэ Япон улс Монгол улстай харилцах харилцаагаа чухалчилдаг
бөгөөд Монгол улсад хийж буй 3 дахь удаагийн айлчлал, Ерөнхийлөгчтэй хийж буй 9
дэх удаагийн уулзалт үүний илрэл хэмээсэн ба түүний хэлсэн үгийн товч агуулгыг
доор сийрүүлэв.
-
Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA)хүчин төгөлдөр болсныг талархан хүлээн авав. Ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг угтан харилцаагаа цаашид улам бүр бэхжүүлэх хүсэлтэй байна.
-
Энэ удаагийн АСЕМ-ын Дээд түвшний уулзалт нь үүсэн байгуулагдсаны 20 жилийнхээ ойтой давхацсан нэн чухал уулзалт бөгөөд, Ерөнхийлөгчийн удирдлага дор Ази, Европын түншлэлийг дахин нотлох ач холбогдолтой завшаан болно хэмээн найдаж байна. Ялангуяа, Бангладешт болсон террорист халдлагатай холбогдуулан терроризмыг эрс буруушаан тодорхой агуулга бүхий мэдэгдэл гаргахыг хүсч байна
(2)Үүний хариуд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
хэлсэн үгийн товч агуулгыг доор сийрүүлэв.
-
Бүхий л терроризмыг эрс буруушааж байна. Бангладешт болсон террорист халдлагад өртсөн хүмүүст эмгэнэл илэрхийлж байна.
-
Ерөнхий сайд Ш.Абэгийн санаачлага дор ”Стратегийн түншлэл”-ийн хүрээнд дунд хугацааны хөтөлбөр саадгүй хэрэгжиж байна. Дараагийн шатны хөтөлбөрийн хувьд, цаашид байр сууриа нэгтгэн төмөр зам, нүүрс, аж үйлдвэрийн кластерыг байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байна.
-
Япон, Монголын EPA нь хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ. Мөн хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд давхар татварын гэрээ бас чухал юм.
-
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг угтан өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байна.
-
Японы ODA буюу Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ) нь Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулдаг бөгөөд цаашид ч хэрэгжүүлэх нь бидэнд хэрэгтэй. Мөн олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа болоод НҮБ дахь харилцаагаа бэхжүүлэх, Япон-АНУ-Монголын гурван талт уулзалтыг мөн үргэлжлүүлэх хүсэлтэй байна.
-
Зүүн хойд Ази болон Солонгосын хойгийн тогтвортой байдлын төлөөх Улаанбаатарын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй.
(3)Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ш.Абэгийн
хэлсэн үгийн товч агуулгыг доор сийрүүлэв.
-
Япон болон Монгол улс нь нийтлэг үндсэн үнэт зүйлс бүхий бүс нутгийн чухал түнш. Монгол улс бусдаас хараат бус хөгжихөд боломжтой бүхий л тусламжийг үзүүлэхэд бэлэн. Эдийн засгаа сэргээхэд Олон улсын валютын сан (IMF)-гаас авахуулаад олон улсын бусад байгууллагуудын зөвлөгөөг аван, эдийн засгийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг нэмэгдүүлэх нь чухал.
-
Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг чухалчилж байна. Ирэх оны эхээр батлан хамгаалахын асуудал хариуцсан атташег томилон ажиллуулж, 3 жилийн хугацаатай чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр харилцаагаа улам бүр бэхжүүлэх хүсэлтэй.
-
НҮБ-ын Аюулгүй байдлын шинэчлэлийг дэмжиж буйд дахин талархал илэрхийлж байна. Цаашид ч нягт хамтран ажиллах хүсэлтэй байна.
-
Өнгөрсөн оны 9 дүгээр сард Япон-АНУ-Монголын гурван талт ажил хэргийн түвшний анхдугаар уулзалтыг зохион байгуулсанд талархаж байна. Олон талт стратегийн яриа хэлэлцээ маш чухал бөгөөд цаашид ч зохион байгуулах хүсэлтэй.
-
6 дугаар сард Хойд Солонгос баллистик пуужин харвасан нь цөмийн пуужингийн технологийг хөгжүүлж буйн илрэл бөгөөд Хойд Солонгосоос аюулгүй байдалд үзүүлж буй аюул заналхийлэл нь шинэ шатанд гарч байгаа юм. Хойд Солонгосын үйл ажиллагааг өөрчлөхийн тулд Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг чандлан мөрдөх болон дипломат хүчин чармайлтаар дамжин, хүчтэй шахалт үзүүлэх нь чухал. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Монголын тал хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ойлгож, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж байна.
(4)Түүнчлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ
Засгийн газар эмхлэн байгуулагдсаны дараа ч Японтой харилцаа, хамтын
ажиллагаагаа хадгалж, хөгжүүлнэ хэмээн өгүүлсний хариуд, Ерөнхий сайд Ш.Абэ
Монголын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнтэй нягт холбоотой ажиллаж хоёр орны
харилцааг хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
3 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн дээд
хэмжээний уулзалт (17 цаг 55 минутаас 30 орчим минут үргэлжлэв)
Гэрэл зургийг:
ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба
Гэрэл зургийг:
ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба
(1)Ерөнхий сайд
Ш.Абэ, Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэхийн хамт, Япон улс Монгол улсыг
чухалчилж ирсэн бөгөөд үүний нэгэн илрэл бол Монгол улсад хийсэн 3 дахь
удаагийн айлчлал юм хэмээгээд хоёр орны харилцааны хөгжил болоод бүс нутгийн
тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөө нягт хамтран ажиллах хүсэлтэй
буйгаа илэрхийлсэн ба түүний хэлсэн үгийн товч агуулгыг доор сийрүүлэв.
-
Ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой холбогдуулан ойрын хугацаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчлал хийх аваас талархан хүлээн авна. Энэ үеэр шинэ үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж харилцан ашигтай харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх хүсэлтэй.
-
Ирэх оны эхээр Батлан хамгаалахын атташег томилон ажиллуулж, 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр харилцаагаа улам бүр бэхжүүлэх хүсэлтэй.
-
Япон, Монголын EPA хүчин төгөлдөр болсонд баяртай байна. Үүнийг тууштай хэрэгжүүлэн, хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр цогц бөгөөд төгс төгөлдөр болгох хүсэлтэй байна.
-
Монгол улс бусдаас хараат бус хөгжихөд Япон улс боломжтой бүхий л тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Эдийн засгаа сэргээхэд Олон улсын валютын сан (IMF)-гаас авахуулаад олон улсын бусад байгууллагуудын зөвлөгөөг аван, эдийн засгийн шинэчлэлийг улам бүр тууштай хэрэгжүүлж олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг нэмэгдүүлэх нь чухал.
-
Цэвэр нүүрсний технологи, байгаль орчин, хүний нөөцийг бэлтгэх зэрэг бүхий л салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байна.
(2)Үүний хариуд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
саяхан болсон Зөвлөхүүдийн танхимын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэсэн
бөгөөд түүний хэлсэн үгийн товч агуулгыг доор сийрүүлэв.
- Япон улсад айлчлал
хийхийг урьсанд талархал илэрхийлж байна. Дипломат шугамаар айлчлалын
товыг зохицуулах хүсэлтэй байна.
- Шинэ Засгийн газар
эмхлэн байгуулагдсаны дараа ч мөн Япон улстай харилцаагаа чухалчилсаар
байх ба ”Стратегийн түншлэл”-ийг улам бүр хөгжүүлэх хүсэлтэй байна. Дунд
хугацааны хөтөлбөрийг шинээр боловсруулж саналаа нэгтгэх хүсэлтэй байна.
- Япон, Монголын EPA хүчин
төгөлдөр болсныг талархан хүлээн авав. Үүнийг хэрэгжүүлэх нь миний хувьд
мөн чухал асуудлын нэг. Олон улсын валютын сан (IMF) зэрэг олон улсын
байгууллагын зөвлөгөөг аван, Монголын эдийн засгийг сэргээхийг хүсч байна.
- Цэвэр нүүрсний
технологи, байгаль орчин, хүний
нөөцийг бэлтгэх зэрэг бүхий л салбарт өнөөг хүртэл үзүүлж ирсэн Японы
хамтын ажиллагаанд талархал илэрхийлж байна. Цаашид хамтын ажиллагаагаа
хөгжүүлэх хүсэлтэй байна. Монголын аж үйлдвэрийг төрөлжүүлэх үүднээс хөдөө
аж ахуйн салбарт ч мөн хамтран
ажиллах хүсэлтэй байна.
4 УИХ-ын дарга М.Энхболдтой хийсэн уулзалт (18
цаг 40 минутаас 20 орчим минут үргэлжлэв)
Гэрэл зургийг:
ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба
Гэрэл зургийг:
ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба
(1)Ерөнхий сайд
Ш.Абэ УИХ-ын даргаар сонгогдсонд баяр хүргэхийн хамт,Монгол улсад хийсэн 3 дахь удаагийн айлчлал
нь Монгол улсыг чухалчилж буйн илрэл, ирэх жил тохиох хоёр
орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг угтан нягт хамтран
ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн ба түүний хэлсэн үгийн товч агуулгыг доор
сийрүүлэв.
-
Япон, Монгол улс нь нийтлэг үндсэн үнэт зүйлс бүхий бүс нутгийн орлуулашгүй түншүүд мөн. Япон улстай найрсаг харилцаа бүхий УИХ-ын дарга М.Энхболдын хамт манай хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэх хүсэлтэй байна.
-
Япон, Монголын EPA хүчин төгөлдөр болсныг талархан хүлээн авав. Монгол улсын шинэ Засгийн газартай хамтдаа “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд чиглэн дунд хугацааны хөтөлбөрийг шинээр боловсруулах зэргээр харилцаагаа цаашид ч бэхжүүлэх арга хэмжээний талаар нягталж үзэх хүсэлтэй байна.
-
Цаашид хоёр орны Парламент хоорондын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө удирдан манлайлахыг хүсээд ойрын хугацаанд Япон улсад айлчлал хийх аваас туйлын ихээр талархан хүлээн авна.
(2)Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд саяхан
болсон Зөвлөхүүдийн танхимын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, УИХ-ын
даргаар сонгогдсонд баяр хүргэсэн явдалд талархал илэрхийлхийн хамт хоёр орны
“Стратегийн түншлэл”-ийг улам бүр хөгжүүлэх хүсэлтэй байгаа болоод Японы
Засгийн газар, ард түмний дэхмжлэг туслалцаанд талархаж буйгаа илэрхийлэв. Мөн
хоёр орны Парламент хоорондын харилцаа идэвхжиж байгаа ба Япон, Монголын EPA байгуулагдсанд
баяртай байна хэмээгээд дунд хугацааны хөтөлбөрийг Япон улстай зөвлөлдөн шинээр
боловсруулж,олон улс болоод бүс нутгийн түвшинд хамтын
ажиллагаагаа цаашид хөгжүүлэх хүсэлтэй байна гэв.
Холбогдох
холбоосууд
·
Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр