Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 

Япон, Монголын дээд хэмжээний уулзалт,гарын үсэг зурах ёслол болон оройн зоог

 


1.    Япон, Монголын дээд хэмжээний уулзалт

 

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Монгол улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар 2 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 30 минутаас 30 орчим минутын турш дээд хэмжээний уулзалт хийв.

 

     (1)    Япон, Монголын харилцааны ерөнхий байдал

 

Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Ш.Абэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан, өнгөрсөн оны 11 сард Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэхийн хамт анхны гадаад айлчлалаа Япон улсаас эхлүүлсэнд талархал илэрхийлэн, Монгол улсын шинэ Засгийн газартай хамтран хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө ажиллах бодолтойгоо өгүүлэв. Мөн түүнчлэн, Монгол улсын хувьд анх удаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон улстай байгуулж байгаа ба энэ нь “Стратегийн түншлэл”-ийн бэлгэ тэмдэг болно хэмээв. Үүний хариуд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, үгийн эхэнд Япон улсын иргэн Сирид барьцаалагдан, амь насаа алдсанд харамсаж буйгаа илэрхийлээд Монгол улс Ш.Абэгийн Засгийн газрын терроризмын эсрэг явуулж буй үйл ажиллагаа болон Ойрхи Дорнодод үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг үнэлж буйгаа өгүүлэв. Мөн Монгол улсын хувьд “Гуравдагч хөрш” болох Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь туйлын чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны Ерөнхий сайд нарын тохиролцсон “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн дагуу улс төр, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг, соёл, иргэд хоорондын солилцоо зэрэг салбарт тууштай, бодитой үр дүн гарч байгаагийн нэг жишээ нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах гэж байгаа явдал хэмээгээд цаашид ч Япон улстай найрамдалт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

     (2)    Эдийн засгийн салбар

Хоёр орны Ерөнхий сайд нар Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээ нь 3 жил орчим үргэлжилсний эцэст өнөөдөр гарын үсэг зурах гэж байгааг талархан хүлээн авч, аль болох богино хугацаанд хүчин төгөлдөр болгохын төлөө тус тусын улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэхээр шийдсэнээ нотлов. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол улсад эдийн засгийн зөвлөх илгээх зэргээр дамжуулан цаашид ч, Монгол улсын дунд хугацааны эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн хамт, иенийн хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төсөлд 36 тэрбум 850 сая иенийн нэмэлт зээлийг олгох болсноо мэдэгдэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсаас үзүүлж буй энэхүү тусламжид талархал илэрхийлэхийн сацуу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахтай холбогдуулан, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэн, бүс нутаг болоод олон улсын тавцан дахь эдийн засгийн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэв.

 

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” (англи хэлээр)

 

     (3)   Улс төр, аюулгүй байдал

Ерөнхий сайд Ш.Абэ, Япон улс идэвхитэй энхийг баримтлагч үзлийн дор Ази болоод дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэл хувь нэмрээ оруулахаа илэрхийлэн, бүс нутаг, олон улсын тавцанд Монгол улстай нягт хамтран ажиллахаар хоёр орны Ерөнхий сайд нар харилцан санал нэгдэв. Мөн, хоёр орны Ерөнхий сайд нар Хойд Солонгос зэрэг Зүүн Азийн бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцов.

 

2.Гарын үсэг зурах ёслол болон Ерөнхий сайд Ш. Абэгээс барьсан оройн зоог

 

Ерөнхий сайд нарын уулзалтын уулзалтын дараа Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэлэлцээр мөн “Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсантай холбогдуулан гаргасан хамтарсан мэдэгдэл” (япон хэлээр / монгол хэлээр)    тус тус гарын үсэг зурав.

Түүний дараа зохион байгуулсан оройн зоог туйлын найрсаг, дотно уур амьсгал дор болж соёл, спортын харилцаа зэрэг хоёр орны өргөн хүрээний асуудлаар яриа өрнүүлэв.

 

Холбогдох холбоос