Говьсүмбэр аймагт Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр
2019/10/21
10 дугаар сарын 4-ний өдөр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа тус аймагт болж Элчин Сайд М.Такаока болон Говьсүмбэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл нар оролцлоо. Уг төслөөр 1980 онд байгуулагдсан Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн барилгыг засварлах юм. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барилгыг засварласнаар, тус цэцэрлэгийн 100 гаруй хүүхэд болон 10 багш ажилчдын тав тухтай орчинг бүрдүүлэх юм. Элчин Сайд М.Такаока ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Говьсүмбэр аймаг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн тэмдэглэлт жил тус аймагт дахин ирж байгаадаа баяртай байна. Энэхүү төслөөр цэцэрлэгийн барилгыг засварлан хүүхэд багачуудын сурч хүмүүжих орчинг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” хэмээв. Элчин Сайд М.Такаока энэ удаагийн төсөл хэрэгжих Сүмбэр сумын 1-р цэцэрлэг, “Өвсний үндэс” хөтөлбөрөөр хэрэгжсэн 5-р сургуулийн дотуур байр болон Япон Улсын Санко Сэйки компанийн охин компани тус суманд ажиллуулж буй 10мв-ын нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай тус тус танилцав.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр | Дурсгалын зураг /зүүн гар талаас Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Элчин сайд М.Такаока, ЗД-ын орлогч Ш.Билэггүмбэрэл, ТГ-ын дарга Д.Содном/ | |
Өвсний үндэс хөтөлбөрөөр хэрэгжих гэж буй Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн хүүхэд багачууд | Нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж буй нь |