Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөр

2021/7/29
    Япон Улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын олон талын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор санхүүгийн тусламжийн хөтөлбөрийг санал болгож байна. ‹‹Өвсний Үндэс – буцалтгүй тусламжийн төслүүд›› нэртэй энэхүү хөтөлбөр нь Засгийн газрын бус байгууллага,орон нутгийн засаг захиргаа зэрэг байгууллагуудаас хэрэгжүүлж буй төслүүдийг дэмжих зорилготой юм. Жижиг хэмжээний хөгжүүлэх төслүүдэд уян хатан, цаг үеэ олсон дэмжлэг туслалцаа үзүүлдэгээрээ ‹‹Өвсний Үндэс›› хөтөлбөр нь олон түмэнд танигдсан билээ.

    Энэхүү танилцуулга нь тус хөтөлбөрийн зорилго, журам болон хөтөлбөрийн хүрээнд тусламж авахад шаардагдах бусад зүйлийн талаар өгүүлнэ.
 

Зорилго

    “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд төрийн бус байгууллага, эмнэлэг, ерөнхий боловсорлын сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад ашгийн бус байгууллагуудад хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд нь санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлдэг болно.
    Тухайн оронд “Өвсний үндэс” хөтөлбөрийн дагуу санхүүжилт хийх болсноор Японы засгийн газрын Албан Ёсны Хөгжлийн Тусламж нь өргөн олон түмний амьжиргаанд шууд нөлөөлөхүйц хамтын ажиллагааны шинэ агуулгаар баяждаг билээ.
 

Тусламж авах байгууллага

    Уг тусламжийг ашгийн бус аль ч байгууллага авах эрхтэй. Тавигдах гол шаардлага нь тус ашгийн бус байгууллага нь тухайн оронд өргөн олон түмнийг хамарсан төсөл хэрэгжүүлж байхад оршино. (Хувь хүн ба ашгийн аливаа байгууллага үүнд хамаарахгүй)
    Тусламжийг авах эрх бүхий байгууллагуудаас дурьдвал олон улсын болон орон нутгийн засгийн газрын бус байгууллагууд (яс үндэс харгалзахгүй), орон нутгийн засаг захиргааны нэгж, эмнэлэг, ерөнхий боловсорлын сургууль болон бусад ашгийн бус олон нийтийн байгууллагууд зэрэг болно. Онцгой тохиолдолд засгийн газрын харъяа байгууллага, олон улсын байгууллага хүлээн авагч байж болно.
 

Хамрах Хүрээ

1. Тухайн хөгжлийн төсөл нь олон түмнийг хамарсан тохиолдолд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хамрагдан санхүүжигдэх эрхтэй болно. Гэхдээ доорх салбаруудад онцгой анхаарал хандуулна:


 
  • Эрүүл мэндийг хамгаалах (анхан шатны)
  • Ерөнхий боловсрол
  • Ядуурлыг бууруулах
  • Олон нийтийн аж ахуйг сайжруулах
  • Байгаль орчин зэрэг орно


Болзлыг хангах төслүүдийн заримаас жишээ болгон дурьдвал:


 
  • Ерөнхий боловсорлын сургуулийн барилгыг засварлах ба тоног төхөөрөмж нийлүүлэх
  • Эмнэлгийн барилгыг засварлах ба эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх
  • Худаг гаргах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэргэжлийн сургалт явуулах
  • Эмэгтэйчүүдийг чадваржуулах мэргэжлийн сургалтанд хамруулах
  • Урьд нь ашиглагдаж байсан гал унтраах болон түргэн тусламжийн машин, унадаг дугуй, ширээ сандал нийлүүлэх (Онцгой байдлын хүмүүнлэгийн тусламжаас бусад тохиолдолд хуучин хувцас, бичгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдхүүн зэрэг хувийн эд зүйлсийг тээвэрлэх зардлыг уг хөтөлбөрөөс санхүүжүүлэхгүй болно.)
  • Газарт булагдсан тэсрэх бодисыг аюулгүйжүүлэх, хохирогчдод тусламж үзүүлэх, тэсрэх бодисноос сэргийлэх сургалт явуулах
  • Бичил зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх болно.

Мөн Софт компонентийн хувьд хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх зэрэг материаллаг бус тусламж шаардлагатай байгаа тохиолдолд үзүүлдэг тусламж юм.

2. Нэн тэргүүнд тусламж үзүүлэх салбаруудыг тухайн орны хөгжлийн эрэлт хэрэгцээг харгалзан тухайн улсад суугаа Япон улсын ЭСЯ тодорхойлно.

 

Тусламжийн сан

    “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх тусламжийн хөрөнгийн асуудлыг ирсэн хүсэлт бүрийг шалган үнэлгээ гаргасны эцэст шийдвэрлэнэ.

    Үндсэндээ нэг төсөлд ноогдох тусламжийн хэмжээ 20 сая иенээс хэтрэхгүй байна.

    Дараах зүйлүүдэд санхүүгийн тусламж үзүүлэхгүй гэдгийг хүсэлт гаргаж буй байгууллагууд анхаарвал зохино. Үүнд: сэлбэг хэрэгсэл (хүмүүнлэгийн буюу яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд), барилга байгууламж буюу тоног төхөөрмөжийн урсгал зардал, хүлээн авагч байгууллагын удирдлага, үйл ажиллагаатай холбоотой бусад урсгал зардлууд багтана.
 

Хүсэлт гаргах журам

    Хэрэв танай байгууллага дээр дурьдсан нөхцлүүдийг хангаж хөгжлийн төсөл хэрэгжүүлэхдээ “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүгийн тусламж авахыг хүсвэл Япон улсын ЭСЯ-нд хандан өргөдөл гаргаарай. Уг өргөдөлд төслийн нарийвчилсан төсөв, төсөл хэрэгжих газрын зураг, төслийн үндэслэл судалгаа; төслийн хүрээнд нийлүүлэх бараа бүтээгдхүүн буюу үйлчилгээ бүрт ханган нийлүүлэгч буюу гүйцэтгэгч 3 байгууллагаас өгсөн үнийн санал, танай байгууллагын дүрэм, дотоод журмыг тусгасан товхимол болон жилийн нийт төсвийг илтгэн харуулсан баримтын хуулбар зэргийг хавсаргасан байвал зохино.

    Уг өргөдлийн маягтыг шаардагдах бусад бичиг баримтуудын хамтаар Япон улсын ЭСЯ-нд ирүүлнэ үү. Бидний зүгээс нэмэлт мэдээлэл хүсэж болох тул холбоо барих хаяг, утас ба факсны дугаарыг тодорхой тэмдэглэсэн байвал зохино.
 
 
Өргөдөл гаргахдаа дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:


1. Санхүүжүүлэх төслийг шалгаруулахдаа Япон улсын Засгийн газар нь тухайн төслийн үр өгөөж, ач холбогдол болон цаашид тогтвортой үргэлжлэх боломжийг нэн тэргүүнд авч үздэг. Юуны түрүүнд танай байгууллага хөгжүүлэх төслийг удаан хугацаанд найдвартай удирдан хэрэгжүүлэх чадвартайгаа ЭСЯ-нд нотлох нь чухал. Өнгөрсөн хугацаанд танай байгууллагын гаргасан ололт амжилтуудыг нарийвчлан тусгавал зохино.

2. Япон улсын Засгийн газар нь цалин хөлс, ашиглалтын бусад зардлыг санхүүжүүлэхгүйг дээр дурьдсан билээ. Иймд төслийн хэрэгжилттэй холбоо бүхий бусад урсгал зардлыг танай байгууллага бие даан санхүүжүүлэх болно. Танай байгууллага уг төслийг хэрэгжүүлэх чадвартайг ЭСЯ-нд харуулахын тулд ажлын явцад гарах зардлуудыг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц төсөв байгааг нотлох нь зүйтэй.

3. Бодит үнийг тогтоож батлах үүднээс төсөлд тусгагдсан зүйл бүр дээр ханган нийлүүлэгч 3 байгууллагын баталгаа бүхий үнийн саналыг авч хавсаргасан байна. Тодорхой нөхцөлд (жишээлбэл: онцгой байдал тогтоосон буюу ханган нийлүүлэгчийн тоо хязгаарлагдмал г.м.) ЭСЯ-ны зүгээс энэхүү шаадрлагыг хэрэгсэхгүй байж болно.

 

Шалгаруулах журам

    Япон Улсын Засгийн газар нь хүсэлт гаргасан төсөл бүрийг дэмжих боломжгүй тул ирүүлсэн төслийг нарийвчлан шалган үнэлсний эцэст хамгийн тохиромжтой төслүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлдэг болно.

    Япон Улсын ЭСЯ өргөдлийг шаардлага бүхий баримтуудын хамтаар хүлээн авснаас хойш дараах журмыг дагаж мөрдөнө. Үүнд:

1. Төслийг шалгах: Өргөдлийг хүлээн авмагц ЭСЯ-ны ажилтнууд төслийн зорилго, нийгэм, эдийн засгийн үр нөлөө, ач холбогдол болон өртгийг гол болгон шалган үзэж, үүний үндсэн дээр нэн тохиромжтой төслүүдийг сонгоно.

2. Төсөл хэрэгжих газартай танилцах: ЭСЯ-ны ажилтнууд сонгогдох магадлалтай төсөл хэрэгжих газарт очиж танилцана. Үүний дараа буцалтгүй тусламж үзүүлэх эсэхийг шийдвэрлэх ба уг шийдвэрийг Токио дахь Япон Улсын Гадаад хэргийн яам батламжилна.

3. Тусламжийн гэрээ: Япон Улсын ЭСЯ, хүлээн авагч байгууллагын хооронд Тусламжийн гэрээг байгуулна. Уг гэрээнд төслийн нэр, зорилго, хүлээн авагч байгууллагын нэр, хоёр талын эрх ба үүрэг, төслийг хэрэгжүүлэхэд зориулан олгож буй санхүүжилтийн хэмжээ, явцын болон эцсийн тайлан ирүүлэх хугацааг тодорхой заасан байна.

4. Санхүүжилт: Санхүүжилтээ авахын тулд хүлээн авагч байгууллага нь төлбөр хийх нэхэмжлэлийг холбогдох бичиг баримтуудын хамтаар ирүүлнэ.

5. Төслийн хэрэгжилт: Хүлээн авагч байгууллага нь тусламжийг зөвхөн батлагдсан төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа эсвэл үйлчилгээг (өргөдөлд нэр заагдсан) худалдан авахад зохих ёсоор зарцуулна. Тусламжийн санхүүжилт нэгэнт хийгдсэн тохиолдолд төслийн хэрэгжилт цаг хугацаандаа (гол төлөв нэг жилд багтааж), урьдчилан тохирсон хуваарийн дагуу явагдана.

6. Эхний төлөвлөгөөг өөрчлөх: Аливаа шалтгааны улмаас төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарваас хүлээн авагч байгууллага нь ЭСЯ-тай зөвлөлдөж урьдчилан зөвшөөрөл авна. (Зөвлөлдөөний явц болон зөвшөөрлийг бичгээр баримтжуулсан байна.)

7. Тайлан: Төсөл хэрэгжих хугацаанд ажлын явцын болон ажил дуусмагц эцсийн тайлан гаргах шаардлагатай болно. (Зарим тохиолдолд хүлээн авагч байгууллагаас явцын нэмэлт тайланг шаардаж болзошгүйг анхаарна уу.)
 

Бусад Шаардлага

1. Хүлээн авсан тусламжийг зөвхөн тухайн төслийг хэрэгжүүлэхэд зарцуулна. Тусламжийг тухайн төсөл хэрэгжүүлэхээс бусад зорилгоор ашигласан нь тогтоогдсон тохиолдолд Японы ЭСЯ тусламжийн хөрөнгийг буцааж олгохыг шаардах эрхтэй болно.

2. Аудитын шалгалтыг хөнгөвчлөх үүднээс хүлээн авагч байгууллага нь төслийн хэрэгжилттэй холбогдох санхүүгийн бүртгэл тооцоог тусад нь хөтөлсөн байвал зохимжтой.
 

 


Лавлагаа:

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Утас:976-7000-0776, e-mail: kusanone.mongolia【@】ul.mofa.go.jp
 *【@】-ний 【 】хаалтыг авч мэйл явуулна уу.