Японы Элчин сайдын яам “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцов

2022/9/28
9 дүгээр сарын 10-ны өдөр ГХЯ, ЭЗХЯ, Нийслэлийн ЗДТГ, МҮХАҮТ, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Энэ үеэр нийгмийн асуудлын талаар сонирхож буй иргэдэд Тогтвортой хөгжлийн зорилгын тухай мэдээлэл хүргэхээс гадна холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн танилцуулга боллоо. Тус өдөрлөгт Японы ЭСЯ-наас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” болоод Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга бүхий хоёр асар ажиллав. Өдрийн турш хөл хөдөлгөөн их байсан бөгөөд олон хүнд ЭСЯ-ны үйл ажиллагааны талаарх мэдээлэл түгээлээ.
Удахгүй 10 дугаар сарын 8-9-ний /Бямба-Ням/ өдрүүдэд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулга Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулах тул сонирхсон хүмүүсийг ирж оролцохыг урьж байна.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн танилцуулах асар
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга бүхий асар