2016 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв
11 сарын 29-ний мягмар гаригийн 12 цаг 30 минутад Япон улсын Элчин сайдын өргөөнд 2016 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Энэхүү өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ жил доорхи 4 хүнд гардуулав.
●Монгол–Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дарга асан Лувсандагвын Пүрэвбаатар
Л.Пүрэвбаатар нь, 1993 онд анх төмөр замын инженерийн хувиар ЖАЙКА-гийн сургалтад хамрагдсан бөгөөд 1994 онд Монгол-Ишикава хамтын ажиллагааны төвийг байгуулсан. 1999 онд Монгол, Японы найрамдлын нийгэмлэгт гишүүнээр элсч, 2006 онд тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, 2015 оноос дэд тэргүүнээр ажиллаж, тус нийгэмлэгээс санаачлан зохион байгуулдаг хөтөлбөр, арга хэмжээгээр дамжуулан хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Цаашлаад төмөр замын мэргэжилтний хувьд Төмөр замын удирдах газар болон Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагад ажиллаж тус салбар дахь хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн.
●Монгол улсын Эрдмийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Цэдэндэмбэрэлийн Пүрэвсүрэн
Ц.Пүрэвсүрэн нь, 1990 оноос хойш одоогийн Хүмүүнлэгийн их сургууль буюу Гадаад хэлний дээд сургуульд япон хэлний багшаар ажиллан, япон хэл, соёл судлалын тэнхимын эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2014 оноос Монгол улсын Эрдмийн их сургуулийн дэд захирлаар ажиллаж байна. Энэ хугацаанд япон хэлний олон чадварлаг багш, япон соёлын судлаачдыг бэлтгэж ирсэн. Цаашлаад Монголын Япон хэлний багш нарын холбооны дэд тэргүүн, Япон, Монголын залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төвийн тэргүүний хувьд япон хэлний уран илтгэлийн тэмцээн болон бусад Японтой холбоотой соёл, боловсролын арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, Монгол улсад япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, Японы талаархи ойлголтыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн.
●МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн ухааны тэнхимийн доктор, профессор Чулуундоржийн Хашчулуун
Ч.Хашчулуун нь, Япон улсын тэтгэлэгт хамрагдан их сургууль, докторантурт сурч төгссөн. Түүний Японы эдийн засгийн талаар олж авсан мэдлэгт үндэслэн 1998 онд Япон-Монголын хамтарсан төслийн зөвлөхөөр сонгогдон ажиллах зэргээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж ирсэн. Түүнчлэн, Япон судлалтай холбоотой эрдэм шинжилгээний бага хуралд олон удаа илтгэл тавьж байсан бөгөөд ингэснээр эдийн засгийн харилцааны салбар дахь Японы талаархи олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашлаад Японы эдийн засгийн түүх, өнөөгийн нөхцөл байдлыг сайтар мэдэх эдийн засагчийн хувиар Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон хоёр орны эдийн засгийн харилцааг дэмжихийн ач холбогдол, холбогдох бусад асуудлын талаар их сургуулийн сургалт, судалгаа, хэвлэл мэдээлэл зэргээр дамжуулан идэвхтэй үзэл санаагаа илэрхийлэн Япон, Монголын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд онцгой хүчин чармайлт гаргаж ирсэн.
●Монгол улсын соёлын элч, гавьяат жүжигчин, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн Дугараагийн Алтанхуяг
Д.Алтанхуяг нь, 2001 онд Япон улсад болсон олон улсын балетын тэмцээнд тэргүүн байр эзлэсний дараах жилээс эхлэн Японы балетын компанитай олон удаа хамтран тоглож, хоёр орны урлагийн харилцааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулж ирсэн. Мөн Япон улсад тоглолт хийхийн хамт балетаар хичээллэж байгаа хүүхэд, залууст зөвлөгөө өгөх зэргээр манай улсын соёлын үйл ажиллагааг сэргээхэд ч хүчин чармайлт гаргаж байсан.
Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаанд өргөмжлөл хүртсэн эрхмүүд болон тэдний ойр дотны найз нөхөд, төрөл төрөгсөд оролцсон бөгөөд энэ үеэр Элчин сайд Т.Шимизү өргөмжлөл хүртсэн эрхмүүдийн өнөөг хүртэлх гавьяа зүтгэлийг онцлон дурдаж, өргөмжлөл болон бэлэг дурсгалын зүйлийг гардууллаа.