Зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай бодис, бараа бүтээгдэхүүнийг ОБЕГ-т хүлээлгэн өгөв

2024/5/13
1 Хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд зүүн гар талаас ОБЕГ-ын Дэд дарга Б.Ууганбаяр, Элчин сайд М.Игавахара, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян болон “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака нар оролцов.
2 Хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнүүд (Зүүн талаас ариутгалын бодис, халдвар хамгааллын хувцас, автомат шүршигч)
 5-р сарын 13-ны өдөр, Монгол оронд үүссэн зудын хохирлыг бууруулахад чиглэсэн нэмэлт тусламж болох малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай бодис, бараа бүтээгдэхүүнийгЖАЙКА”-гаар дамжуулан Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдаж, Элчин сайд М.Игавахара оролцлоо.
 2016 онд ОБЕГ-ын ажилтан “ЖАЙКА”-гийн “Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах” сэдэвчилсэн сургалтад хамрагдсан бөгөөд уг сургалтаар сурч эзэмшсэн зүйлээ бусдад түгээн дэлгэрүүлэх мөн харьяа байгууллагынхаа үйл ажиллагаанд сургалтынхаа үр дүнг ашиглах зорилгоор уг нэмэлт тусламжийг хүссэний үр дүнд хэрэгжихээр болсон юм. Уг тусламжийн хүрээнд ариутгалын 2 төрлийн бодис (нийт 1 тонн), автомат шүршигч 250 ширхэг, халдвар хамгааллын хувцас 7,000 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр нь зудын улмаас хорогдсон малын сэг зэмийн устгал, халдваргүйжүүлэлт хийгдэж буй бүс нутагт ашиглагдах юм.
 Элчин сайд М.Игавахара тус арга хэмжээний үеэр “Зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа бөгөөд тус ажиллагааны тэргүүн эгнээнд аймаг тус бүрт ажиллаж буй ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын хамт олонд хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд Япон Улсын зүгээс үзүүлж буй энэхүү тусламж та бүхний ажилд тус дэм болно гэдэгт найдаж байна” хэмээв.
 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Энэ удаагийн зудын улмаас 5-р сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсын нийт малын 11% буюу 7.4 сая мал хорогдсон юм.  Монгол Улсын Засгийн газрын зүгээс малын сэг зэмийг устгах арга хэмжээг нэн тэргүүнд яаралтай хэрэгжүүлж байгаа энэ цаг үед Япон Улсын зүгээс тус үйл ажиллагаанд шаардлагатай бодис, бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн тул эдгээрийг бүрэн дүүрэн ашиглах болно” хэмээн онцлов.
  “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака “ЖАЙКА нь энэ удаагийн тусламжийг оролцуулаад зудын гамшгийн эсрэг богино болон урт хугацааны төрөл бүрийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн энэхүү тусламж нь зудын хохирлыг бууруулж, эргэн сэргэхэд тус нэмэр болно хэмээн найдаж байна” гэв.
3 ОБЕГ-ын хамт олон