Завхан аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2024/3/20
1 Элчин сайд М.Игавахара болон Засаг дарга Г.Өнөрбаяр нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
 3 дугаар сарын 19-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Завхан аймгийн Их-Уул сумын  Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан оролцлоо.
 Элчин сайд М.Игавахара “Завхан аймагт хэрэгжих энэ удаагийн төслөөр Их -Уул сумын эрүүл мэндийн төвийг засварлах бөгөөд сумын иргэд илүү тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэх юм” гэж хэлэв.
  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 604 төсөл хэрэгжээд байгаа бөгөөд орон нутаг руу чиглэсэн эдгээр төсөл нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-н хүрээнд  хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” буюу хотын төвлөрлийг багасгах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэхэд томоохон хувь нэмэр болж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.
 Мөн Засаг дарга Г.Өнөрбаяр “Завхан аймагт хэрэгжсэн 23 төсөл нь  тус аймгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг хүний хөгжилд чиглэсэн бөгөөд, дээрх төслийг хэрэгжүүлсэн Японы ард түмэн болон Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлье. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж дуусахад бүх талаар хяналт тавьж ажиллах болно” хэмээв.
 Уг төслийн хүрээнд Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн А байранд засвар хийгдэх юм. Үүнд: Дээвэр, гадна фасад, дотор засал (цонх, хаалга, шал, тааз, хана), дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан, харилцаа холбооны систем (унтраалга, галын дохиолол, өсгөгч, хяналтын камер)-ийг шинэчлэх юм. Засвар хийгдсэнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжирч, сумын иргэд найдвартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
 Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 604 дэх, Завхан аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201,523 ам.доллар юм.
 
3 Уулзалтын үеэр
4 Дурсгалын зураг