Япон улсаас Монгол улсад үзүүлэх “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хоёр улсын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурж солилцов

2017/12/8
           12 дугаар сарын 5-ны өдөр, Монгол улсын Гадаад харилцааны яаманд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар 32 тэрбум иенийн “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Солилцох ноот бичиг (Exchange of Notes буюу E/N)-т гарын үсэг зурав. Тус Солилцох ноот бичигт гарын үсэг зурсны дараа ЖАЙКА-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч К.Кошикава, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар уг төслийн Санхүүжилтийн хэлэлцээр (Loan Agreement буюу L/A)-т гарын үсэг зурлаа.
            Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай эдийн засаг, төсвийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, төсвийн нөхцөл байдлыг шинэчлэн сайжруулах, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн Монгол улсын Засгийн газраас авч буй арга хэмжээг Япон улсын Засгийн газар сайшаан дэмжиж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны голлох оролцоотой олон улсын дэмжлэгийн хүрээнд 3 жилийн хугацаанд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ.
            Энэ удаа үзэглэсэн Солилцох ноот бичиг болон Санхүүжилтийн хэлэлцээрт дурдсан зээл нь тус багцын хүрээнд олгох 1 дэх удаагийн дэмжлэг болно. Тус зээл нь монгол төгрөгөөр ойролцоогоор 700 тэрбум төгрөг бөгөөд 2017 оны Монгол улсын нийт төсвийн орлогын 10 орчим хувьтай тэнцэх юм. Энэ хөрөнгө 2017 оны Монгол улсын төсөвт төвлөрч, Монгол улсын Засгийн газарт тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулах болно.
Монгол улсын Засгийн газраас төсвийн сахилга батаа сайтар хангах, Япон улсын Засгийн газраас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах, мөн “Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах”, “Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх”, “Эдийн засгийн өсөлтийг дэмжих” гэсэн 3 шинэчлэлт хийхээр зорьж буй хүчин чармайлтыг Япон улсын Засгийн газар цаашид ч дэмжин ажиллах болно.

    Тус хөнгөлөлттэй зээлийн хэмжээ, нөхцөл

                 1) Зээлийн хэмжээ: 32 тэрбум иен
                 2) Зээлийн жилийн хүү: 0.8%
                 3) Зээлийн хугацаа: 20 жил
                     Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 6 жил
 

Элчин сайд М.Такаока (зүүн), Гадаад харилцааны сайд
Д.Цогтбаатар (баруун) нар Солилцох ноот
 бичигт гарын үсэг зурж солилцов


Гарын үсэг зурах арга хэмжээний дараа Элчин
сайд М.Такаока хэвлэл мэдээллийнхэнд
 ярилцлага өгөв


ЖАЙКА-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч К.Кошикава (зүүн)
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар (баруун) нар Санхүүжилтийн
хэлэлцээрт гарын үсэг зурав