1. “Япон Тэнгис” хэмээх нэршлийн тухай асуудлын товч танилцуулга
2018/12/19

Япон Тэнгис нь Ази тивийн зүүн хойд хэсэгт орших ба Японы цувраа арал болон Сахалинаар Хойд Номхон далайгаас тусгаарласан далайн бүс юм.
Түүхийн өнцөгөөс харахад “Япон Тэнгис” хэмээх энэхүү нэршил нь 18 дугаар зууны сүүл, 19 дүгээр зууны эхэн үед Европт анх тогтсон бөгөөд улмаар 200 орчим жилийн турш тогтмол хэрэглэгдэж байна. Мөн тусгаарлагдсан далайн бүсийг нэрлэхдээ гол төлөв тухайн далайн бүсийг тусгаарлаж буй гол цувраа арал буюу хойгийн нэрийг ашигладаг. “Япон Тэнгис” хэмээх нэршил ч газарзүйн гол онцлог буюу энэхүү далайн бүсийг Хойд Номхон далайгаас тусгаарладаг “Япон цувраа арал”-аас үүдэлтэй билээ. Үнэхээр ч Япон цувраа арал байгаагүйсэн бол энэ далайн бүс ч үгүй нь тодорхой. Энэхүү газарзүйн онцлогийн улмаас тус нэршлийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн билээ. Өдгөө БНСУ болон Хойд Солонгосоос бусад дэлхий улс орнуудад ашиглагдаж буй газрын зургуудын 97 гаруй хувь нь зөвхөн “Япон Тэнгис” хэмээх нэршлийг хэрэглэдэг ба энэ нь олон улсын хэмжээнд төлөвшин тогтсон нэршил юм.
Хэдийгээр дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн ч 1992 онд зохиогдсон НҮБ-ын Газарзүйн нэршлийг стандартчилах 6 дугаар хурлын үеэр БНСУ болон Хойд Солонгос гэнэт “Япон Тэнгис”-ийн нэршлийг өөрчлөх санал дэвшүүлж, түүнээс хойш НҮБ-ын хийгээд Олон Улсын Усзүйн Байгууллага (ОУУБ буюу IHO)-ын зэрэг олон улсын холбогдох хурлуудын үеэр энэхүү асуудлыг сөхөн тавьсаар байгаа билээ.
Тэд, “Япон Тэнгис” хэмээх нэршил нь 20 дугаар зууны эхэн үеэс Японы газар нутгаа тэлэх үзэл болон колоничлох бодлогын үр дүнд түгээмэл болсон хэмээн маргадаг. Тийм ч учраас тус далайн бүсийн нэршлийг БНСУ болон Хойд Солонгосын дотооддоо хэрэглэдэг “Зүүн Тэнгис” болгон өөрчлөх, эсвэл “Зүүн Тэнгис” болон “Япон Тэнгис”-ийг хамтад нь хэрэглэх шаардлагатай гэсэн байр суурийг хамгаалдаг. Гэвч БНСУ болон Хойд Солонгосын хийж буй энэхүү мэдэгдэл нь үндэслэлгүй бөгөөд уг нэршлийг өөрчлөхийг хүчээр тулгах нь нэн зохисгүй билээ.