3. Япон талын хариу няцаалт

2018/12/19
Япон улс нь эдгээр үзэл баримтлалуудыг эрс няцаасан хариу барьж байна.
      Япон улсын хувьд БНСУ зэрэг нь дотооддоо “Зүүн Тэнгис” гэсэн нэршлийг хэрэглэхийг эсэргүүцээгүй болно. Гэвч олон улсын хамтын нийгэмлэгийн чухам хэрэглэсээр ирсэн “Япон Тэнгис” хэмээх нэршлийг “Зүүн тэнгис” гэж өөрчлөх гэсэн оролдлого нь олон улсын хэмжээнд далайн тээврийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц будлиан үүсгэх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Япон Тэнгис” нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц нэршил бөгөөд энэ талаар маргах ямар ч орон зай үгүй юм. НҮБ-ын Газарзүйн нэршлийг стандартчилах хурал (UNCSGN), Олон Улсын Усзүйн Байгууллага (ОУУБ буюу IHO) зэргийн олон улсын хурал чуулган дээр БНСУ зэргээс энэ мэт зарга үүсгэх аваас манай улс хатуу няцаалт өгөх болно.

(1) НҮБ-ын Газарзүйн нэршлийг стандартчилах хурал болон НҮБ-ын Газарзүйн нэршлийг стандартчилах уулзалтын хүрээнд явуулж буй үйл ажиллагаа

(А) НҮБ-ын Газарзүйн нэршлийг стандартчилах 11 дүгээр хурал (2017 оны 8 дугаар сар)
(Б) НҮБ-ын Газарзүйн нэршлийг стандартчилах 10 дугаар хурал (2012 оны 8 дугаар сар)
(В) НҮБ-ын Газарзүйн нэршлийг стандартчилах 9 дүгээр хурал (2007 оны 8 сар)
(Г) НҮБ-ын Газарзүйн нэршлийн мэргэжилтнүүдийн 23 дугаар уулзалт (2006 оны 3 сар)
(Д) НҮБ-ын Газарзүйн нэршлийн мэргэжилтнүүдийн 22 дугаар уулзалт (2004 оны 4 дүгээр сар)
(Е) НҮБ-ын Газарзүйн нэршлийн 8 дугаар хурал (2002 оны 8-9 дугаар сар)

(2) Олон Улсын Усзүйн Байгууллага (ОУУБ буюу IHO)-ын хүрээнд авч буй арга хэмжээ

1. Олон Улсын Усзүйн Байгууллага (ОУУБ буюу IHO)-ын тухай
      Усан замын атлас (тэнгисийн зураг, гэрэлт цамхагийн хүснэгт гэх мэт)-ыг аль болох нэгтгэн цэгцлэх, усан замын хэмжил зүйн аргачлал болон усан замын ажлын техникийн хөгжил зэргийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий техник болон шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. 1921 онд байгуулагдсан бөгөөд нийт 85 гишүүн оронтой. Төв нь Монакод байрладаг.
2. “Далай, тэнгисийн зааг хязгаар”-ын тухай
(1) “Далай, тэнгисийн зааг хязгаар”
      Улс орнуудын усан замын байгууллагуудад тэнгисийн зураг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУУБ-аас далай, тэнгисийн зааг хязгаар болон нэршлийг илэрхийлэх удирдамж болгон эмхэтгэн гаргадаг атлас юм.
(2) “Япон Тэнгис” хэмээх нэршил
      “Далай, тэнгисийн зааг хязгаар”-ын 1929 онд анх хэвлэгдсэн хувилбараас одоогийн (1953 оны) хэвлэлт хүртэл олон улсын хэмжээнд тогтсон цорын ганц нэршил болгон “Япон Тэнгис”-ийг тууштай дагнан хэрэглэж байгаа болно.
БНСУ нь улс орнуудын засгийн газар, худалдаанд гарч буй газрын зураг болон олон улсын байгууллагуудын газрын зурагт “Япон Тэнгис”-ийг “Зүүн Тэнгис” болгон өөрчилж тэмдэглэх, эсвэл “Зүүн Тэнгис” болон “Япон Тэнгис”-ийг хамт ашиглах шаардлагатай гэсэн байр сууриа 90-ээд оноос хойш илэрхийлэх болсон бөгөөд, 1997 оноос ОУУБ-ын хүрээнд ч энэхүү байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
3. ОУУБ-ын ерөнхий чуулганы тухай
      3 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд ирэх оны 4 дүгээр сард Монакод зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
 
4. Өнөөг хүртэлх үйл явдал болон манай улсын авч буй арга хэмжээний тухай
      БНСУ нь Япон Тэнгисийн нэршлийн талаар асуудал тавьсаар ирсэн хэдий ч, “Далай, тэнгисийн зааг хязгаар” дахь “Япон Тэнгис” хэмээх цорын ганц нэршил өөрчлөгдөөгүй юм. Энэхүү хугацаанд Япон улсын хувьд, “Япон Тэнгис” нь олон улсын хэмжээнд болон түүхэнд батлагдсан цорын ганц нэршил бөгөөд “Япон Тэнгис” гэх нэршлийг дангаар хэрэглэсэн тэмдэглэгээг өөрчлөх шаардлага ч, үндэслэл ч үгүй гэсэн үндсэн байр сууриа тууштай баримталсаар ирсэн.
                          https://www.mofa.go.jp/mofaj/files/000222322.jpg
                        (ОУУБ-аас хэвлэн гаргадаг “Далай, тэнгисийн зааг хязгаар” (S-23)-д байрлах Япон Тэнгисийн хэсэг)