Элчин сайд Х.Кобаяши Шизүока мужийн Яйзү хотын орлогч даргатай уулзав

2022/7/6
1
2
  7 дугаар сарын 4-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Кожи Шимояма Шизүока мужийн Яйзү хотын орлогч даргатай уулзаж санал бодлоо солилцов.
  Шимояма хотын орлогч дарга уулзалтын үеэр Шизүока муж 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Дорноговь аймагтай соёлын харилцаа өрнүүлж байна. Үүнээс гадна Яйзү хот Чингэлтэй дүүрэгтэй спортод тулгуурласан хүүхэд, залуучуудын харилцааг өргөжүүлж Токио-2020 Олимп, Паралимпийн наадмын үеэр спортын олон төрлийн “Хүлээн авагч хот”-ын хувиар Монголын баг тамирчдыг хүлээн авсан тухайгаа танилцууллаа. Мөн Монгол оронтой өнөөг хүртэл бий болгож ирсэн спорт, соёлын харилцааг цаашид аж үйлдвэрлэл зэрэг олон салбарт өргөжүүлэн улам бүр харилцаагаа эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
  Элчин сайд Х.Кобаяши “Яйзү хот Монгол Улстай өрнүүлж буй өргөн хүрээний харилцааг дэмжиж ажиллах хүсэлтэй байна” хэмээв.
  Яйзү хот болон Монгол Улсын харилцааны талаар тус хотын цахим хуудсаар (https://www.city.yaizu.lg.jp/k004/hosttown1.html) мөн танилцуулсан байна.
  Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болоод хүүхэд, залуучуудын найрамдал солилцооны жил тохиож буй энэ жил Засгийн газрын  төдийгүй Японы орон нутгийн засаг захиргаа, ард иргэд хоорондын харилцаа идэвхтэй явагдсанаар хоёр орны харилцаа цаашид хөгжинө хэмээн найдаж байна.