Өвөрхангай аймагт хэрэгжих “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2024/2/20
1 Элчин сайд М.Игавахара болон Засаг дарга И.Доржсүрэн нар гарын үсэг зурж буй нь
2 Дурсгалын зураг
 2 дугаар сарын 16-ны өдөр, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд оролцов.
 Засаг дарга И.Доржсүрэн “Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөр нь жил дараалан тус аймагт хэрэгжиж буйд, мөн Монгол хүүхдийн сурч боловсрох таатай орчин бүрдүүлж өгч байгаа та бүхэнд туйлын их талархаж байна” гэж хэлэв.
 Уг төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд их засварын ажил хийгдэх юм. Үүнд: хичээлийн байрны дээвэр, гадна фасад, дотор засал (хана, тааз, хаалга, шал)-ын ажил, агааржуулалтын систем, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж (анги танхимын гэрэлтүүлэг, аваарын гэрэл, залгуур, унтраалга, цахилгааны самбар, галын дохиолол, холбоо мэдээллийн систем)-ийг суурилуулах ажил хийгдэх ба уг төсөл хэрэгжсэнээр эрүүл, аюулгүй орчин бий болж, тус сумын боловсролын чанар дээшлэх боломж бүрдэх юм. 
 Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 600 дахь, Өвөрхангай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 253,011 ам.доллар юм.
 Үүнээс гадна Элчин сайд М.Игавахара Хархорин суманд зочилж Япон Улсын буцалтгүй тусламжаар баригдсан Үр тарианы агуулах (1997 онд ашиглалтад орсон), Хархорум музей (2010 онд ашиглалтад орсон)-тэй тус тус танилцав. Түүнчлэн Соёлын өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 2023 онд төсөл хэрэгжиж дууссан Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургуульд зочилж сурагчид япон хэл шимтэн суралцаж буйтай танилцав.
3 Уулзалтын үеэр
4 Үр тарианы агуулахтай танилцаж буй нь
5 Хархорум музейг үзэж сонирхож буй нь
6 Мэргэд лаборатори сургуулийн үйл ажиллагаатай танилцаж буй нь
7 Сурагчдын мэндчилгээ
8 Сурагчдын хамт дурсгалын зураг