Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчилгээний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол боллоо

2026/8/19
1 Гарын үсэг зурах ёслолын үеэр
2 Дурсгалын зураг
 8 дугаар сарын 13-ны өдөр Япон Улсын Засгийн газрын тусламжаар хэрэгжиж буй UNITAID төслийн хүрээнд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд зориулсан эмнэлгийн тоног төхөөрөмж болон шинжилгээний иж бүрдлийг хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулагдлаа. Ёслолд Элчин сайд Игавахара, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро болон эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцов.
 Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ, UNITAID болон Япон Улсын Засгийн газрын нягт хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж байгаа бөгөөд Япон Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр ойролцоогоор 630 мянган ам.долларыг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт олгож, Монгол Улсын хэмжээнд хүний папилломавирусын (HPV) шинжилгээнд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг, эрт үеийн эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлэх, өргөжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
 Энэ удаа нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон шинжилгээний иж бүрдлийг Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгсөн бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг, оношилгооны тогтолцоог бэхжүүлэх, өвчнийг эрт илрүүлж, зохих эмчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд ашиглана. Мөн эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг зөвхөн нийслэл Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсын бүх 21 аймагт хуваарилан байршуулна. Ингэснээр ялангуяа орон нутаг болон алслагдсан бүс нутагт амьдарч буй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирч, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эрт эмчлэхэд хувь нэмэр оруулах юм.
 Япон Улс хүн бүр санхүүгийн хүндрэлгүйгээр шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (Universal Health Coverage: UHC)-ыг хэрэгжүүлэхийг тууштай дэмжиж ирсэн. Япон Улсын Засгийн газар энэхүү дэмжлэгээр дамжуулан Монгол Улсын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх арга хэмжээг цаашид улам бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.