Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан мод тарих ёслол

2022/5/10
1 Ерөнхий сайд асан Д.Содном болон Элчин сайд Х.Кобаяши нар мод тарьж буй нь
2 Элчин сайд Х.Кобаяши үг хэлж буй нь
      5 дугаар сарын 6-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгээс Монгол-Японы эмнэлэгт зохион байгуулсан Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан мод тарих ёслолд оролцов.
     Энэ удаа Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномын 5 жилийн турш тарьж ургуулсан 50 ширхэг хуш модны суулгацыг хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Монгол-Японы эмнэлгийн хашаанд тарилаа.

     Ёслолд Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан, Элчин сайд С.Хүрэлбаатар, нийгэмлэгийн Ерөнхийлөгч Р.Жигжид, нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга  С.Дэмбэрэл, нийгэмлэгийн зөвлөх Д.Сосорбарам болон Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхан нар оролцов.

     Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Мод тарих зэрэг байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зэрэг нь Япон Улс, Монгол Улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны нэгэн тулгуур багана болоосой гэж хүсэж байна” хэмээв.
3 Зохион байгуулагчид 
4 Эмнэлгийн хамт олны хамт