Элчин сайд М.Игавахара ШУТИС-д ТОЁОТА-Техникийн сургалтын хөтөлбөрийг батламжлан гардуулах ёслолд оролцов

2024/10/8
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж буй нь
2 ТОЁОТА-Техникийн сургалтын анги танхимд
 10 дугаар сарын 7-ны өдөр Элчин сайд М.Игавахара ШУТИС-д ТОЁОТА-Техникийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх батламж гардуулах ёслолд оролцлоо. Элчин сайд мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол орны хатуу ширүүн орчинд автомашинаа аюулгүй бөгөөд тайван жолоодох боломжоор хангахын тулд өдөр тутмын засвар үйлчилгээг хийх орчныг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг онцолж, залуу инженерүүдийн хөгжилд хувь нэмэр оруулж буй ТОЁОТА корпорацад хүндэтгэл үзүүлэн талархъя хэмээв.
 Түүнчлэн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Инженер Технологийн дээд боловсролыг дэмжих” төслийн хүрээнд Монгол Улсын аж үйлдвэрийн инженерийн боловсон хүчнийг хөгжүүлэх болон инженер техникийн боловсролын байгууллагуудын чадавхыг дээшлүүлэхэд дэмжин ажиллаж ирсэн тухай дурдахын хамт төр, хувийн хэвшил хамтран залуу инженерүүдийн хөгжлийг дэмжих замаар Япон технологийг Монголд нутагшуулан түгээж байгаа нь баярлууштай бөгөөд монгол залуусын хүсэл мөрөөдөл биеллээ олохыг билэгдэн, ШУТИС дахь ТОЁОТА-Техникийн сургалтын хөтөлбөр нь амжилт ололтоор дүүрэн байхыг хүсэж, хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрэн бэхжих болтугай хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
 
3 ШУТИС-д ТОЁОТА-Техникийн сургалтын хөтөлбөрийн батламж гардуулах үеэр
4 ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн багш нарын хамт