2017 оны Япон улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт

2017/12/12
   11 дүгээр сарын 29-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгуулав. Салбар бүрээс 440 орчим зочид оролцсон бөгөөд хоёр орны Төрийн дууллыг Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн эгшиглүүллээ. Үргэлжлүүлээд Элчин сайд М.Такаока болон Монгол, Японы Парламентын бүлгийн дэд дарга (УИХ-ын гишүүн, БХ-ын сайд асан, ГХ-ны сайд асан) Л.Болд нар баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн бөгөөд Элчин сайд 11 хүндэт зочдын хамт Кагамибираки буюу япон сакэ задлах ёслолыг үйлдэн Ерөнхий сайд асан Д.Содном хундаганы үг хэлэв.
          Элчин сайд М.Такаока монгол хэл, англи хэлээр хэлсэн үгэндээ Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн энэ жилийг эргэн харж, өнөөгийн хоёр орны нягт харилцаа нь хоёр Засгийн газар болоод ард иргэд Монгол орныг ардчилалд шилжсэнээс хойш үндсэн үнэт зүйлсээ хуваалцан салбар тус бүрт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсний ач гавьяа гэдгийг цохон тэмдэглэсэн билээ (Элчин сайдын хэлсэн үг). Үүний дараа Парламентын бүлгийн дэд дарга Л.Болд өнгөрсөн 45 жилийн турш бүхий л салбарт өрнөсөн хоёр орны харилцааны хөгжлийн түүхэн замналыг дүгнэхийн сацуу цаашид энэхүү хамтын ажиллагаа, харилцаа улам бүр хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
          Түүнчлэн хүлээн авалтын танхимд өнгөрсөн 45 жилд өрнөсөн хоёр орны харилцааны түүхэн үйл явдал болоод тэмдэглэлт ойн энэ жил зохион байгуулагдсан арга хэмжээг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан бөгөөд Японы Гэрэл зургийн холбоо болон 35 жилийн турш Монгол орныг гэрэл зургийн хальсанд буулгаж ирсэн гэрэл зурагчин Тэрүзо Сүгиямагийн бүтээлүүдийг дэлгэн сонирхуулсан билээ. Мөн Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай Мияазаки мужийн Мияаконожо хотыг танилцуулах булан ажиллаж, зочдыг Мияазаки үхрийн махаар дайлав.