2026 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт

2026/3/5
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж буй нь
2 Шадар сайд Х.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлж буй нь
 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудлын "BALLROOM" Их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгуулав. Хүлээн авалтад Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төр, нийгмийн өндөр албан тушаалтнууд болон бусад олон хүндтэй зочид оролцов.
 Дуучин Д.Оюунтүлхүүр болон Ю.Окүяма нар хоёр орны төрийн дууллыг дуулсаны дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрсөн оны 7 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой завшаан болсон хэмээгээд ирэх 2027 онд тохиох Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтан хоёр орны найрамдалт харилцааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна хэмээв.
 Түүний дараа Шадар сайд Х.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлэв. Үргэлжлүүлээд "Кагамибираки" буюу япон сакэ задлах ёслолыг хийсний дараа Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах хундаганы үг хэлэв.
 Хүлээн авалтын танхимд Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлаг тоглолтоо сонирхуулснаас гадна өнгөрсөн оны 7 дугаар сард сард Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн айлчлалын үеийн зураг, бичлэгийг дэлгэцээр толилуулав.
Мөн уг хүлээн авалтыг зохион байгуулахад доор дурдсан орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд дэмжлэг үзүүлэв.
 
【Орон нутгийн засаг захиргаад】
 Миязаки мужийн Мияаконожо хот, Окинава муж
 
【Хувийн хэвшил】 (Англи үсгийн дарааллаар)
 Abico Group, Capitron Bank, Choya of World Wine, Haku-japanese restaurant, Hakutsuru, HIDE-Japanese Restaurant, MJ Partners, Mobicom, Monnis Group, Premium Group, Sankou Marketing, Takarajima Japan, Yamaya Trade
3 "Кагамибираки" буюу япон сакэ задлах ёслол
4 Хундаганы үг хэлж буй Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах
5 Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлагийн тоглолт
6 Хүлээн авалтын үеэр