Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт

2024/1/26
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж буй нь
2 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлж буй нь
 Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 1 дүгээр сарын 25-ны өдөр, Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудлын “BALLROOM” Их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгуулав. Хүлээн авалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс болон монголын урлаг, спорт, боловсрол шинжлэх ухааны салбарын төлөөлөгч, Япон-Монголын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүндтэй зочид хүрэлцэн ирэв.
 Хүндэтгэлийн хүлээн авалт Монгол үндэсний язгуур урлагийн "Тэнгэр аялгуу" хамтлаг хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлж, Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж “Японы Ното хойгт хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан монголчуудын зүгээс олон эмгэнэлийн зурвас болон хандивын мөнгө хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэн, цаашид Япон, Монголын харилцааг зөвхөн улс төр, эдийн засгаар зогсохгүй соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлж, хойч үедээ найрамдал, итгэлцлийн хэлхээг баттай үлдээхийг хүсэж байна” хэмээн онцлов. Үргэлжлүүлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлж, “Кагамибираки” буюу япон сакэтай торхыг задлах ёслолыг хийн Монгол-Японы Парламентын бүлгийн дарга бөгөөд Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хундаганы үг хэлэв.
 Хүлээн авалтын танхимд Японы далайн гаралтай бүтээгдэхүүнийг  сурталчлах зорилгоор 30 кг далайн хясаа болон Монголтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй Миязаки мужийн Мияконожо хотоос Миязаки үхрийн махаар дайлсан нь зочдын таашаалыг хүртсэн билээ.
 Мөн уг хүлээн авалтад Трансвест Монголиа ХХК, Мобиком грүпп, Тоёота Сейлс Монголиа ХХК, Моннис грүпп, Абико ХХК гэсэн Япон, Монголын бизнес хамтын ажиллагааны төлөөлөл болсон компаниуд ивээн тэтгэгчээр оролцов.
4 “Кагамибираки” буюу япон сакэтай торхыг задлах ёслол
4 Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн хундаганы үг хэлж буй нь
5 “Тэнгэр аялгуу” хамтлагийн тоглолт
6 Хүлээн авалтын үеэр
7 Сүши хийх үзүүлбэр
8 Хотатэ хясаа
9 Миязаки үхрийн мах
10 Хүлээн авалтын танхимд үзүүлэнд тавигдсан япон машин