Сонгинохайрхан дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2023/3/15
1 Засаг дарга Н.Алтаншагай болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
   3 дугаар сарын 15-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар гарын үсэг зурав.
Мөн Засаг дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн ирээдүй болсон хүүхэд багачуудад хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлсэн Японы ард түмэнд дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс гүн талархал илэрхийлье хэмээв.
   Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн А байранд их засварын ажил хийгдэх юм. Тус байр нь олон жилийн эдэлгээний явцад дээврээс нь байнга дусаал гоождог болсноос гадна, цэвэр бохир усны болон дулааны шугам нь зэвэнд идэгдэн олон газар цоорч, ариун цэврийн өрөө хуучирч муудсаны улмаас суултуур, угаалтуур эвдэрсэн зэрэг нь тус цэцэрлэгийн 655 хүүхэд, 75 багш ажилчдын эрүүл мэнд, эрүүл ахуйд ихээхэн хүндрэл учруулж байна. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэж, тус цэцэрлэгийн хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд сурч, хүмүүжих боломжтой болох юм.
   Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 594 дэх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих 14 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 210,511 ам.доллар (717,232,093 орчим төгрөг) юм.
 
3 Дурсгалын зураг
4 Уулзалтын үеэр