Япон–Монголын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалт болон ажлын оройн зоог

2026/10/6
1 (Гэрэл зураг: Япон Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба)
2 (Гэрэл зураг: Япон Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба)
 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17:45 цагаас эхлэн ойролцоогоор 35 минутын турш, Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай албан ёсны уулзалт хийж, үргэлжлүүлэн 60-аад минутын хугацаанд ажлын оройн зоог барив. 
  1. Ерөнхий сайд С.Такаичи Ерөнхий сайд Н.Учралыг үүрэгт ажилдаа орсноос хойш гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлалаараа Япон Улсад хүрэлцэн ирсэнд нь талархан хүлээн авч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ, Монголын хамгийн чухал “гуравдагч хөрш”-ийн хувьд шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг-Номхон далай (FOIP)” үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын бие даасан байдал болон сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн төлөө дэмжин ажиллахаа мэдэгдэв. Үүний хариуд Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс нь “энх тайванч улс”-ын хувиар олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд урт хугацааны турш хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ 2022 оны хамтарсан мэдэгдлийн агуулгыг тууштай баримталж хэрэгжүүлэн ажиллахаа мэдэгдэв.
  2. Ерөнхий сайд нар “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр санал нэгдэж, аюулгүй байдлын салбар, цаашлаад хиймэл оюун ухаан (AI) зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагааны тал дээр ч мөн үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцов.
  3. Ерөнхий сайд нар ирэх жил тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойтой холбогдуулан өнөөдрийн уулзалтыг шинэ гараагаа болгон эдийн засгийн салбар болон бусад чиглэлийн хамтын ажиллагааны ахицыг хамтдаа дүгнэж, уялдаа холбоогоо бэхжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй хөгжиж байгааг харгалзан үзэж, шинэчлэсэн FOIP-ын хүрээнд хоёр улсын эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг хэрхэн улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв. Үүний зэрэгцээ талууд Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй бизнес эрхлэх орчныг сайжруулах ажлыг дэмжих зорилгоор энэ оны 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөгдөж буй төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтыг ашиглан хэлэлцүүлгийг улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ, давхар татварын гэрээ байгуулах хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, цаашид нийгмийн хамгааллын хэлэлцээрийн бэлтгэл зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах тал дээр санал нэгдэв. Мөн, Ерөнхий сайд Н.Учрал JETRO (Японы гадаад худалдааг дэмжих байгууллага)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрыг нээх хүсэлт тавьж, Ерөнхий сайд С.Такаичи уг газрыг нээх тал дээр хамтран ажиллахаа мэдэгдэв. Үүнээс гадна, Ерөнхий сайд С.Такаичи энэ оноос эхлэн  “Нихонго партнерс илгээх хөтөлбөр”-ийн хүрээнд урт хугацааны мэргэжилтнүүдийг Монгол Улсад илгээж эхлэх тухай мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал үүнд талархал илэрхийлэв.
  4. Ерөнхий сайд нар Японы компаниудын оролцоотойгоор үйл ажиллагаа явуулж буй “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн иений хөнгөлөлттэй зээлийн солилцох ноот бичиг (E/N)-т гарын үсэг зурж, харилцан солилцсон явдлыг сайшаан, агаарын тээврийн холболтын чухал зангилаа болох тус олон улсын нисэх буудал дахь Япон, Монголын хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов. Энэхүү хамтын ажиллагаа нь Япон компаниудын Монгол Улстай хийх худалдаа, бизнесийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Мөн “POWERR Asia” санаачилгын хүрээнд, газрын тосны нөөцийн бүрдүүлэлт болон сэргээгдэх эрчим хүчний холбогдох салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
  5. Ерөнхий сайд нар НҮБ болон бусад олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр санал нэгдэв. Ерөнхий сайд С.Такаичи 2047 онд зохион байгуулагдах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Монгол Улс нэр дэвшихийг дэмжиж буйгаа мэдэгдэв. Мөн Ерөнхий сайд С.Такаичи хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар Монгол Улсаас үзүүлж ирсэн хамтын ажиллагаа, ойлголцолд дахин талархал илэрхийлэв. 
https://www.mofa.go.jp/mofaj/a_o/c_m1/mn/pageit_000001_03235.html