Сэлэнгэ аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2025/12/26
1 Элчин сайд М.Игавахара, Засаг дарга Н.Лхагвадорж нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
   12 дугаар сарын 24-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын байранд Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо болон хооллох танхимын барилгыг барих төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гарын үсэг зурав.
 
   Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара энэ удаагийн барилгын ажлын үр дүнд Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшлийг авч явах хүүхдүүд илүү сайхан орчинд сурч, боловсрох боломж бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
   Мөн Засаг дарга Н.Лхагвадорж Япон Улсын Засгийн газар, ард түмэн тус аймгийн боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт анхаарч дэмжлэг үзүүлж байгаад нийт аймгийн иргэдээ төлөөлж талархал илэрхийлж буйгаа дурдав.
   Уг төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо болон хооллох танхимын барилгыг барих юм. Үүний үр дүнд эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд үдийн хоол үйлдвэрлэн сурагчдад хүргэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ тухайн бүс нутгийн боловсролын байгууллагын орчин нөхцөл сайжрахад хувь нэмэр болох юм.
 
   Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 620 дахь, Сэлэнгэ аймагт хэрэгжих 27 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 160,011 ам.доллар юм.
3 Дурсгалын зураг