2021 оны Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институтийн оюутан элсүүлэх ёслол

2021/10/12
1
2
   10 дугаар сарын 11-ний өдөр Блю скай зочид буудалд зохион байгуулагдсан “2021 оны Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институтийн оюутан элсүүлэх ёслол”-ын арга хэмжээнд Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма оролцов.
   Нагояа Их Сургуулийн Азийн Сателит Кампус Институт нь төрийн албан хаагч, үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаачид эх орондоо ажиллангаа суралцаж, докторын зэрэг хамгаалах тусгай хөтөлбөр юм. Энэ жил Хууль зүй судлалын тэнхимд Д.Ганхүрэл, Боловсрол, хүний хөгжлийн судлалын тэнхимд Д.Дуламсүрэн, Байгаль орчны судлалын тэнхимд С.Нарангэрэл болон О.Мөнхдулам нар тус тус элсэн орсон. Өнгөрсөн жил дэгдэн одоог хүртэл үргэлжилж буй шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний улмаас Япон талаас энэ жил мөн адил цахим хэлбэрээр тус ёслолд оролцсон юм. Япон болон Монголын талаас шинээр элссэн оюутнуудад баяр хүргэж, урам зориг өглөө.    
   Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма дээрх 4 оюутанд баяр хүргэхийн зэрэгцээ Нагояагийн Их сургууль Монгол Улстай өргөн хүрээнд эрдэм шинжилгээний харилцаа өрнүүлж байгаад талархлаа илэрхийлэв.