Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Япон загварын инженер, технологийн боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах төсөл”-ийн баримт бичгийг солилцов

2025/10/9
1 Элчин сайд М.Игавахара, Сангийн сайд Б.Жавхлан нар төслийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав
2 Ноот бичгээ солилцов
   10 дугаар сарын 8-ны өдөр Элчин сайд М.Игавахара, Монгол Улсын Сангийн Сайд Б.Жавхлан нар буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих 1 тэрбум 869 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Япон загварын инженер, технологийн боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
 
   Монгол Улсад аж үйлдвэрийн тогтолцоог төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулах өндөр мэдлэг, ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх асуудал чухалд тооцогдож байгаа бөгөөд дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гурван технологийн коллежид дадлагын байр барьж, тоног төхөөрөмж нийлүүлэхээр боллоо.  Эдгээр коллежууд нь Японы технологийн коллежуудын загвараар дээд боловсрол олгож, инженер технологийн өндөр ур чадвартай аж үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэдэг.
 
   Энэхүү хамтын ажиллагаа хэрэгжсэнээр технологийн коллежид бэлтгэгдсэн хүний нөөц нь ирээдүйд Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх, Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Японы аж үйлдвэр, эрдэм шинжилгээний салбарт боловсон хүчний урсгалыг бий болгоход хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
3 Дурсгалын зураг