Монгол-Японы арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулагдав

2024/8/21
1 Японоос оролцсон арьсан урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчдийн хамт
   8 дугаар 15-наас 21-ний өдрүүдэд Монгол Арт Галерейд Монгол-Японы арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн болж өндөрлөлөө. Японы арьсан урлагийн нийгэмлэгийн тэргүүн Мацүда Мичикогийн санаачлан зохион байгуулж ирсэн олон улсын үзэсгэлэнд монгол уран бүтээлчид анх бүтээлээ дэлгэн толилуулсан нь хоёр орны энэ салбар дахь харилцааны эхлэл болж, улмаар Монголд хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулахад хүргэжээ.
   8 дугаар сарын 20-ны өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт тус үзэсгэлэнд зочилж, бүтээлүүдийг үзэж сонирхсон юм. Японы уран бүтээлчдийн нарийн нямбай ур хийц, шинэ технологи, монгол уран бүтээлчдийн чөлөөт зоримог шийдэл, уран сэтгэмж нь бие биенээ хөглөн урамшуулж, цаашид харилцаагаа идэвхтэй өрнүүлэн, урлагийн хөгжилд улам түлхэц болно хэмээн найдаж байна.