Баян-Өлгий аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2024/12/19
1 Дурсгалын зураг
2 Уулзалтын үеэр
  12 дугаар сарын 19-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын  Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар нар гарын үсэг зурав.
  Элчин сайд М.Игавахара “Баян-Өлгий аймагт хэрэгжих энэ удаагийн төслөөр Сагсай сумын нэгдүгээр сургуулийг засварласнаар тус сумын хүүхэд багачууд илүү эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх юм” хэмээв.
  Мөн Засаг дарга Е.Зангар “Баян-Өлгий аймагт тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн ихэнх төслүүд нь боловсролын салбарт чиглэсэн бөгөөд хүүхэд багачууд сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Аймгийн нийт иргэдийн өмнөөс Японы ард түмэн, засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн дурдав.
  Уг төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нэгдүгээр сургуулийн байранд засвар хийгдэх юм. Үүнд: Дээвэр, дотор засал, цахилгааны шугамыг засварлах, агааржуулалтын системийг шинээр суурилуулах, дулааны шугамын болон радиаторыг солих ажлууд хийгдэнэ. Засвар хийгдсэнээр тус сургуулийн орчин нөхцөл сайжирч 1006 хүүхэд болон 132 багш ажилтан эрүүл аюулгүй орчинд сурч хөдөлмөрлөх нөхцөл бүрдэх юм.
  Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 608 дахь, Баян-Өлгий аймагт хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225,711 ам.доллар юм.
 
3 Засаг дарга Е.Зангар болон Элчин сайд М.Игавахара нар гарын үсэг зурж буй нь