Хөвсгөл аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2024/1/9
1 Засаг дарга П.Лхагважав болон Элчин сайд М.Игавахара нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараа
 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нар оролцов.
 
 Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, “Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр Монгол Улсад 30 гаруй жил хэрэгжиж, олон салбарт бидний хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж ирсэнд Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны нийт 143 мянга гаруй иргэдийг төлөөлж Япон Улсын ард иргэд болон Японы ЭСЯ-ны хамт олонд талархаж байна. Энэ удаа Нэгдсэн эмнэлгийн барилгын засварын төсөл хэрэгжснээр аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, тэнд ажиллаж буй 400 гаруй хүний ажлын эрүүл аюулгүй орчин бүрдэж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд, уг төслийн хэрэгжилтэд аймгийн зүгээс бүрэн хяналт тавьж ажиллах болно” хэмээв.
 
 Тус төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн гурав, дөрөвдүгээр давхарт засварын ажил хийгдэнэ. Үүнд барилгын дотор засвар (шал, тааз, дотор засал, хаалга, цонх),  цэвэр, бохирын шугам, угаалтуур, суултуур, агааржуулалтын систем, цахилгаан болон холбоо (дотор гэрэлтүүлэг, унтраалга, залгуур, цахилгааны шугам, аваарын гэрэл, галын дохиолол, холбоо мэдээллийн систем) зэргийг засварлах бөгөөд тус эмнэлгийн эрүүл ахуй, орчин нөхцөл сайжирч, аймгийн иргэд эрүүл аюулгүй орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэх юм.
 
 Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 598 дахь, Хөвсгөл аймагт хэрэгжих 30 дахь төсөл болж байна. Мөн дээрх төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 247,894 ам.доллар юм.
3 Дурсгалын зураг