Дундговь аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2024/10/15
1 Засаг даргын орлогч М.Анхбаяр болон Элчин сайд М.Игавахара нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
   10 дугаар сарын 14-ний өдөр, Дундговь аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат оролцов.
   Элчин сайд М.Игавахара “Энэ удаагийн төсөл хэрэгжснээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн сурагчид, багш ажилчдад тав тухтай сургалтын орчин бүрдэнэ хэмээн найдаж байна” гэв.
   Мөн аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр “Дундговь аймгийн боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт дэмжлэг үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, японы ард түмэнд аймгийн нийт иргэдээ төлөөлж талархал илэрхийлье” хэмээв.
   Уг төслийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн хичээлийн байр болон өргөтгөлийн байрыг засварлах юм. Тус сургуулийн хувьд он удаан жилийн ашиглалтаас үүдэж хуучирч, муудсан модон цонхоор салхи ихээр сийгэж өвлийн улиралд анги танхим маш хүйтэн байдгаас гадна дээврээс байнга дусаал гоождог нь 436 сурагч, 46 багш ажилтан нарт эрүүл, аюулгүй орчинд хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулж байгаа юм. Засвар хийгдсэнээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм.
 
   Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 607 дахь, Дундговь аймагт хэрэгжих 17 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 111,808 ам.доллар юм.
3 Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуультай танилцав