2025 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов

2026/3/31
1 Х.Чибад өргөмжлөл гардуулав
2 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
  3 дугаар сарын 26-ны өдөр, Элчин сайдын өргөөнд 2025 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд болон харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаагийн өргөмжлөлийг “Азийн хүний хөгжлийн төв” Төрийн бус байгуулагын тэргүүн Х.Чиба хүртэв. Ёслолын ажиллагаанд түүний гэр бүл, найз нөхөд оролцсон бөгөөд Элчин сайд М.Игавахара өдийг хүртэл оруулсан хувь нэмэрт нь талархал, хүндэтгэлээ илэрхийлэн өргөмжлөл гардуулав.

“Азийн хүний хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, Нийгмийн халамжийн ухааны доктор Х.Чиба

  Доктор Х.Чиба нь 2016 оноос хойш ЖАЙКА-ийн мэргэжилтний хувьд Монгол Улсын нийгмийн хамгааллын салбар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, дэмжлэгийн салбарын хөгжилд олон жилийн турш хүчин чармайт гарган ажиллаж ирсэн. Зөвхөн тогтолцоо бүрдүүлэх, бодлогын зөвлөмж боловсруулах төдийгүй, бодит нөхцөл байдалд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо болон хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх чиглэлээр тууштай зүтгэж ирсэн билээ.
  Одоо хэрэгжиж буй “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандан бодлогын санал, зөвлөмж боловсруулж, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө чухал үүрэг гүйцэтгэж байна. Түүний зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэг бөгөөд 2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
  Мөн, 2024 онд байгуулагдсан “Азийн хүний хөгжлийн төв” ТББ-ын тэргүүний хувьд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгэм бол хүн бүрт ээлтэй нийгэм” гэсэн үзэл баримтлалын дор судалгаа, бодлогын зөвлөмж, хүний нөөцийн хөгжүүлэлт болон бодит талбар дээрх үйл ажиллагаа зэрэг өргөн хүрээний ажлыг хэрэгжүүлэн ажиллаж Монголын нийгмийн халамжийн салбарт хувь нэмрээ оруулсаар байна.
3 Дурсгалын зураг