Азийн Хөгжлийн Банкны JFPR сангийн дэмжлэгээр хэрэгжсэн халдварт өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд нүүдлийн эмнэлгийн зориулалтаар тоноглосон автомашинуудыг хүлээлгэн өгөв

2025/3/19
1 Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон машинуудыг хүлээлгэн өгөв
2 Дурсгалын зураг
 Япон Улсын Засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкны дэргэд байгуулагдсан “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)”-гаар дамжуулан Монгол Улс дахь халдварт өвчний тархалтын эсрэг яаралтай авах арга хэмжээг сайжруулах 500 сая иений дэмжлэгийг үзүүлж байгаа билээ. Уг дэмжлэгийн хүрээнд нийлүүлэгдсэн нүүдлийн эмнэлгийн зориулалтаар тоноглосон хоёр автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээг Эрүүл мэндийн яам 3-р сарын 18-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр зохион байгуулав. Өнгөрсөн жил дөрвөн автомашин хүлээлгэн өгсөн ба энэ жил хоёр дахь удаагаа хүлээлгэн өгч байгаа юм.
 Тус арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Шэннон Коулин нар оролцов. Эрүүл мэндийн яаманд нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашиныг хүлээлгэн өгч, цаашдаа алслагдсан сум болон малчин иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглах төлөвлөгөөтэй байгаа билээ.
 Элчин сайд М.Игавахара тус үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын иргэдэд өндөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлснээр энэхүү тусламжийн хүрээнд бүх хүмүүст тэгш хүртээмжтэй нийгэм цогцлон бий болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна хэмээв.
 Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээн авч буй автомашинууд нь эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдээ бүрэн хамруулах зорилгоо амжилттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байгаад Япон Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкинд талархлаа илэрхийлэв.
3 Элчин сайд М.Игавахара болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар нүүдлийн эмнэлгийн автомашинд суурьлуулсан тоног төхөөрөмжийг үзэж сонирхов