Монгол Улс дахь халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн Япон Улс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан төсөл

2026/4/16
1 Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскалантегийн хамт
2 Төслийн багийнхантай
 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантег хүлээн авч, цаашид Япон болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Монгол Улс дахь халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний тэргүүн эгнээнд ажиллагсдын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн талаар санал солилцов.
 Тус төсөл нь сүүлийн жилүүдэд Монгол даяар тархаад буй улаанбурхан зэрэг халдварт өвчнийг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилготой бөгөөд Япон Улсын Засгийн газрын 2025 оны санхүүгийн жилийн төсвийн тодотголын хүрээнд нийт 400,000 ам.долларын буцалтгүй тусламж олгож байгаа юм. Төслийн хүрээнд орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, өвчний тандалтын тогтолцоог сайжруулах, халдварын сэргийлэлт, хяналтыг боловсронгуй болгох, түүнчлэн хүнд өвчтөнд үзүүлэх эмнэлзүйн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байна.
 Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте, төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж, тус төслийг хэрэгжүүлэхээр болсон явдалд болон өдийг хүртэлх эрүүл мэндийн салбарт чиглэсэн Япон Улсын дэмжлэгт гүн талархал илэрхийлэв.
 Үүний хариуд Элчин сайд М.Игавахара, уг төсөл нь Монгол Улсад улаанбурхан, менингококкт халдвар, тарваган тахал зэрэг халдварт өвчний олон эрсдэл зэрэг тулгарч буй энэ үед, цагаа олсон, чухал хамтын ажиллагаа болохыг онцлов. Мөн энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цаашлаад Япон, Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.