“Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн гэрээнд гарын үсэг зурав

2025/3/26
1 Элчин сайд М.Игавахара болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурав
2 Дурсгалын зураг
   2025 оны 3 сарын 26-ны өдөр, Японы Элчин Сайдын өргөөнд “Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих "Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурав.
   Японы Хүүхдийг Ивээх Сан нь сүүлийн нэг жилийн хугацаанд “Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажилласан. Энэ удаа гарын үсэг зурсан “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөл нь дээрх төслийн үргэлжлэл хэлбэрээр хэрэгжих юм.
   Цаашид орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллагуудын (өрхийн эрүүл мэндийн төвүүд, салбар хороод, цэцэрлэгүүд) чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийн орчныг сайжруулах ажлуудыг үргэлжлүүлэхийн сацуу, шинээр зорилтот байгууллагуудыг нэмэн төслийн үйл ажиллагааг улам өргөжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөл нь 2025 оны 3 сарын 30-наас 2026 оны 3 сарын 29-ний хооронд хэрэгжих бөгөөд нийт санхүүжилтийн хэмжээ нь 641,940 ам.доллар юм.

Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх буцалтгүй тусламж гэдэг нь : Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.
3 Элчин Сайд М.Игавахара ярилцлага өгөв