“Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлтийн ёслол

2021/7/4
1 Монгол-Япон хоёр улсын найрамдлын дурсгалын цогцолбор хөшөөний нээлтийг хийж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Элчин сайд Х.Кобаяши
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
 7 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсын Засгийн газрын санхүүжилт (иений хөнгөлөлттэй зээл)-ээр баригдсан “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудлыг ашиглалтад оруулж, нээлтийн ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсын засгийн газар, нисэх онгоцны буудал болон ЖАЙКА-ийн холбогдох хүмүүс оролцов.
 
 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 2018 онд тухайн үеийн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй уулзах үедээ шинэ нисэх онгоцны буудлын төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдсэн бөгөөд өнөөдөр ийнхүү төсөл амжилттай хэрэгжин, нээлтийн ёслол болж байгаад туйлын их баяртай байна хэмээв. Мөн нисэх онгоцны буудал ашиглалтад орох хүртэл энэхүү төсөлд хүчин чармайлт гарган оролцсон холбогдох хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд, Монгол Япон хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлэг тэмдэг болох энэ нисэх онгоцны буудал нь Монгол Улсын цаашдын хөгжилд ихээхэх хувь нэмэр оруулна хэмээн онцлон тэмдэглэв.
 
 Элчин сайд Х.Кобаяши, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Суга-гаас тус арга хэмжээнд зориулан илгээсэн мэндчилгээг уншиж танилцуулаад Япон Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлэг тэмдэг болох төсөл ийнхүү ашиглалтад орж байгаад туйлын их баяртай байгаагаа тэмдэглэн тус төсөлд оролцон ажилласан бүх хүмүүсийн хичээл зүтгэлд хүндэтгэл илэрхийлэв.
 
 Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, тус нисэх буудлаас үйлдсэн анхны нислэг болох МИАТ-ын Улаанбаатар - Токио чиглэлийн агаарын хөлгийг үдэн нисгэлээ.
 
Иений зээлийн төслийн товч танилцуулга
  • Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянга иен
  • Төсөл хэрэгжсэн хугацаа: 2013.06 /эхэлсэн/ - 2020.04 /дууссан/
  • Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой)
  • Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, нэг зурвас
  • Перрон: 104,200 м2
  • Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд
  • Төслийн зөвлөх: “Азүса СэккэйХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл
  • Ерөнхий гүйцэтгэгч: “Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл 
3 Япон Улсын Ерөнхий сайд Ё.Суга-ийн илгээсэн мэндчилгээг уншин танилцуулж буй Элчин сайд Х.Кобаяши
4 Ёслолын үеэр мэндчилгээ илгээсэн Япон Улсын Ерөнхий сайд Ё.Суга
5 Шинэ нисэх онгоцны буудлын нээлтийг зарлан тунхаглаж буй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Като
6 Хүндэт зочдын дурсгалын зураг
7 Шинэ нисэх онгоцны буудлын нээлтийн ёслолын арга хэмжээ