Ховд аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2025/8/5
1 Элчин сайд М.Игавахара, Засаг дарга М.Амарсанаа нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
 8 дугаар сарын 4-ний өдөр, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын байранд Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж оролцов.
  Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара Ховд аймгийн ирээдүйн хөгжил дэвшлийг түшилцэхээр эрдэм боловсрол эзэмшихийн төлөө эцэг эхээс хол хичээл номонд шамдаж буй малчин өрхийн сурагч багачуудын амьдардаг дотуур байр хуучирч муудсан талаар дурдаад энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр дотуур байрны сурагчдын амьдрах орчин сайжирна гэдэгт найдаж байгааг илэрхийлэв.
  Мөн Засаг дарга М.Амарсанаа, Япон Улсын Засгийн Газар, ард түмэн тус аймгийн боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт анхаарч дэмжлэг үзүүлж байгаад нийт аймгийн иргэдээ төлөөлж талархал илэрхийлэв.
Уг төслийн хүрээнд Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг засварлах бөгөөд дотуур байрны дээвэр, фасад, дотор засал (дотор хана, тааз, хаалга) болон цахилгаан шугамыг засварлана. Засвар хийгдсэнээр тухайн дотуур байрны сурагч багачууд, багш ажиллагсдад эрүүл, аюулгүй орчинд сурч, амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх боломж бүрдэх юм.
 Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 615 дахь, Ховд аймагт хэрэгжих 23 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 162,795 ам.доллар юм.
3 Дурсгалын зураг