Өвөрхангай аймаг, Говь-Алтай аймаг болон Налайх дүүрэгт хэрэгжүүлэх “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2020/1/28
 1 дүгээр сарын 22-ны өдөр, “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Японы Элчин сайдын өргөөнд болж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки болон Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцлоо. Мөн энэхүү ёслолын ажиллагаанд  Өвөрхангай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг байлцав.  
Энэ удаа Өвөрхангай аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн засварын төсөл болон "Улаанбаатар хотын Налайх дүүргийн 123-р цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг тус тус хэрэгжүүлэхээр болсон байна.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ ”Энэ удаад хэрэгжих төслүүд нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсрох, хөгжихөд нэн чухал бөгөөд, засвар болон өргөтгөл хийсэн тохилог байранд хүүхэд багачууд чөлөөтэй өсч хөгжинө хэмээн найдаж байна. Мөн барилгын засвар болон өргөтгөлийн ажил дууссаны дараа миний бие боломжтой үедээ очиж танилцах хүсэлтэй байна” хэмээв. Энэ удаа гарын үсэг зурсан 3 төслийг оролцуулаад Өвсний Үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 550 төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болоод байна.
 
  
Өвөрхангай аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны дээвэр хуучирч муудаж, борооны ус гоожих болсон   Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд нар гарын үсэг зурав
 
Улаанбаатар хотын Налайх дүүргийн 123-р цэцэрлэг. Цэцэрлэгийн багтаамжаас 3 дахин олон хүүхэд багачууд хүмүүжиж байна    Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар гарын үсэг зурав
 
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн хуучирсан заал   Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар гарын үсэг зурав
 
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлэв   Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон аймаг дүүргийн төлөөлөгчдийн хамт