ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ- 2021 ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН
2021/11/12


11 дүгээр сарын 9-ний өдөр, Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Улаанбаатар хотноо “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ - 2021” үндэсний чуулганыг зохион байгууллаа. Тус үндэсний чуулган Азийн хөгжлийн банк болон Япон Улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах Япон сан (JFPR)” -гаас хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоонд тулгуурлан жендэрийн тэгш эрхийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж, Монгол Улсын Засгийн газар, донор байгууллагууд, иргэдийн төлөөлөл, мөн цахим хэлбэрээр нийт 200 орчим хүн оролцлоо. Японы Элчин сайдын яамны Зөвлөх Ш.Кикүма чуулганыг нээж, хэлсэн мэндчилгээндээ Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэхүү үндэсний чуулган зохион байгуулагдаж байгааг онцолж, Монголд жендэрийн тэгш эрхийг хангах явцыг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

