Япон Улс, Монгол Улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

2026/9/18
 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 16 цагаас ойролцоогоор 60 минутын турш, Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. 
 1. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Япон Улсыг хамгийн чухал “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай (FOIP)” үзэл санаа зэргийг баталгаажуулсан 2022 оны хамтарсан мэдэгдлийн ач холбогдлыг дахин нотолж, олон улсын нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед уг мэдэгдлийг тууштай хэрэгжүүлэхийн чухлыг хүлээн зөвшөөрч, санал нэгдэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын хувьд Монгол Улсын баримталж буй “гуравдагч хөрш”-ийн бодлогыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ агуулгыг баяжуулсан FOIP-ийн хүрээнд хамтын ажиллагааг урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Б.Батцэцэг сайдын зүгээс FOIP-ийн үзэл санааг цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн талууд Монгол Улсын бие даасан байдал болон сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн төлөө хамтын ажиллагааг цаашид ч хөгжүүлэхээр санал нэгдэв.
 2. Талууд хоёр улсын хоорондын төрөл бүрийн яриа хэлэлцээг цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг баталгаажуулав. Түүнчлэн аюулгүй байдлын салбар болон хиймэл оюун (AI) гэсэн шинэ чиглэлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж ажиллахаар санал нэгдэв.
 3. Талууд эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэ оны 11 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаар дамжуулан яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Давхар татварын гэрээ байгуулах талаар хэлэлцүүлгийг цаашид ахиулах тал дээр санал нэгдэв.
 4. Талууд иений хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдсан, агаарын холболтын түлхүүр болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг өргөтгөх асуудлаар хоёр улсын Засгийн газар зарчмын тохиролцоонд хүрснийг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн “POWERR Asia” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны асуудлаар үргэлжлүүлэн мэдээлэл харилцан солилцохоор санал нэгдэв.
 5. Талууд бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар мөн санал солилцож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр санал нэгдэв. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улс энх тайвныг эрхэмлэгч улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд урт хугацааны турш хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Гадаад хэргийн сайд Т.Мотэги хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар Монгол Улсаас үзүүлж ирсэн хамтын ажиллагаа, ойлголцолд дахин талархал илэрхийлэв.
https://www.mofa.go.jp/mofaj/a_o/c_m2/mn/pageit_000001_00001.html