Баярын мэндчилгээ

2021/2/24
 Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарухитогийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Эрхэм дээдэстэн болон Японы ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
 
 Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Япон Улс нь манай улсын хувьд гуравдагч хөрш бөгөөд Монгол Улсын бие даасан, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд бид талархаж байдаг. 
 
 Улс төрийн өндөр түвшний итгэлцэлд суурилсан Монгол, Японы түншлэл, хамтын ажиллагааг бүхий л салбарт урагш ахиулахад хоёр улсын хууль тогтоох байгууллагууд урьдын адил чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын парламентын удирдлага, гишүүдийн харилцан айлчлал тогтмол, амжилттай хэрэгжсэн нь хоёр талын харилцааны олон чухал асуудлуудыг урагшлуулахад түлхэц үзүүлсэн хэмээн үзэж байна.
 
 Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх үйлсэд Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлэг хошуучлан оролцох болно.
 
 Монгол, Японы “харилцан ашигтай” Стратегийн түншлэл хоёр орны ард түмний тусын тулд цаашид улам бүр өргөжин бэхжихийн ерөөл дэвшүүлье. 
 

 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга
Л.Энх-Амгалан