Цог Жавхлант Эзэн хааны төрсөн өдөрт зориулсан Элчин сайд Х.Кобаяшигийн мэндчилгээ

2021/2/24
Монголын ард түмэн,
Монгол Улсад оршин суугаа япон иргэд ээ,
 
 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хаан ширээнд заларсан Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2 дугаар сарын 23-ны өдөр 61 насныхаа ойтойгоо золгоно. Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг та бүхнийхээ хамтаар тэмдэглэхийг хүсэж байна. Өмнөх жилүүдэд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүндэт зочид гийчдээ олноор урьж энэхүү тэмдэглэлт өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ. Харамсалтай нь, энэ жил дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн (COVID-19) халдвар тархсаар буй энэ цаг үед хүндэтгэлийн хүлээн авалт хийх боломжгүй нөхцөл үүсээд байна.
 Шинэ төрлийн коронавирустэй тэмцэж эхэлснээс хойш хэдийнэ жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа ба өнөөг хүртэл дэлхий дахинд маш олон хүн халдвар авсан бөгөөд цөөнгүй хүн амь насаа алдсаны зэрэгцээ улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг салбарт үүсч буй хүндрэл бэрхшээлийн улмаас ихээхэн хохирол амсаад байна. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар хилээ хааж, хорио цээрийн дэглэм тогтоох зэргээр COVID-19 халдвартай тэмцсэнээр өнгөрсөн оны 11 дүгээр сар хүртэл дотооддоо халдвар алдалгүй хазаарлан барьж чадсан бөгөөд дотоодод халдвар илэрснээс хойш ч халдварыг маш бага түвшинд тогтоон хяналтдаа байлгаж чадаж байна.  Энэ тэмцлийн тэргүүн шугам дээр маш хүнд эрсдэлтэй тулж бүхий л хүчин чадлаа дайчлан хичээн ажиллаж буй холбогдох бүх хүмүүст талархахын хамт гүн хүндэтгэлээ илэрхийлье. Эдгээр хүмүүсийн амь биеэ үл хайхран гаргаж буй зүтгэл болоод халдвараас урьдчилан сэргийлэх бид бүхний хүн нэг бүрийн хүчин чармайлтын дүнд шинэ төрлийн коронавирустэй хийх тэмцэлд аль болох хурдан ялалт байгуулахыг хүсэж байна.
 
 2020 онд Япон, Монголын харилцааг хөгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүд олонтаа цуцлагдаж, хойшлогдож байсан. Гэхдээ хоёр орны иргэд хоорондын харилцан зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал байсан амаргүй үед ч Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монгол Улсад хийх айлчлал 2020 оны 10 дугаар сард биеллээ олж хоёр орны харилцааны хөгжлийн хувьд өндөр ач холбогдолтой айлчлал болж өнгөрсөн билээ. Цаашлаад энэхүү айлчлалын үеэр хоёр орны Гадаад хэргийн сайд нарын харилцан тохиролцсон “Шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд шаардлагатай иенийн шуурхай тусламжийн зээл” олгох зэргээр Монгол Улсын COVID-19 халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд Япон Улс дэмжлэг үзүүлснээр хоёр орны хэлхээ холбоо улам бат бэх болсон гэдэгт итгэлтэй байна.
 Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийн маргааш нь буюу 2 дугаар сарын 24-ний өдөр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 49 жилийн ойн өдөр тохионо. Ингэснээр ирэх жил угтах тэмдэглэлт 50 жилийн ойн өдөр хүртэлх хоног тоологдож эхэлнэ. Өнөөдрийн хоёр орны харилцаа нь дипломат харилцаа тогтоохоос өмнө Япон, Монгол хоёр орны Засгийн газрын болоод жирийн ард иргэдийн оруулж ирсэн хүчин чармайлтын үр дүнд бий болсон. Энэ мэтчилэн хоёр орны харилцааны түүхийг эргэн дурсахын зэрэгцээ уг харилцааны түшиг тулгуур нь болсон Та бүхний хамтаар дараагийн 50 жилийн харилцааг авч явах шинэ үеийнхэнийг оролцуулан энэхүү тэмдэглэлт ойг өргөн дэлгэр тэмдэглэх бодолтой байна. Үүний төлөө бэлтгэл ажлаа идэвхийлэн хангахаар ажиллах тул Та бүхнээс дэмжиж хамтран ажиллахыг юуны өмнө хүсэж байна.
 COVID-19 цар тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулахын тулд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын зэрэгцээ улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг салбар дахь хүндрэл бэрхшээлийг өнөөг хүртэл хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, аль болох бүтээлчээр хандаж даван туулах нь чухал. Үүний тулд стратегийн түншүүд болох Япон, Монгол хоёр улс цөөнгүй хамтын ажиллагаа өрнүүлнэ хэмээн бодож байна.
 Эцэст нь,  Цагаагчин үхэр жил Та бүхний болоод Япон, Монголын харилцааны хувьд ололт амжилтаар дүүрэн жил болохыг хүсэн ерөөе.
 
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Кобаяши Хироюки