Дорнод аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2025/10/7
1 Элчин сайд М.Игавахара, Засаг дарга Ш.Ёл нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
 10 дугаар сарын 02-ны өдөр, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын байранд Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга Ш.Ёл нар гарын үсэг зурав.
 Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара энэ удаагийн засварын ажлын үр дүнд Дорнод аймгийн хөгжил дэвшлийг авч явах хүүхдүүд илүү сайхан орчинд сурч, боловсрох боломж бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
 Мөн Засаг дарга Ш.Ёл “Хэрлэн сумын хүүхэд багачуудад аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлж байгаад сумын иргэд болон тус цэцэрлэгийн багш ажилтнуудыг төлөөлөн талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорьж байна” хэмээв.
 Уг төслийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгын халаалтын шугам, цэвэр болон бохир усны хоолой, мөн цахилгааны систем (хуваарьлах самбар, дэд самбар, цахилгааны утас)-ийн шинэчлэл хийх ба ариун цэврийн өрөөний нийт 22 ширхэг суултуур, 42 ширхэг гар угаалтуурыг солих, суурилуулах ажлыг хийх юм. Үүний үр дүнд тус цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан сургалтын орчин бүрдэхийн зэрэгцээ тухайн бүс нутгийн сургуулийн өмнөх боловсролын орчин нөхцөл сайжрахад хувь нэмэр болох юм.
 Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 619 дахь, Дорнод аймагт хэрэгжих 28 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 146,755 ам.доллар юм.
3 Дурсгалын зураг