Япон Улс, Монгол Улсын хооронд байгуулсан "Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай хэлэлцээр" хүчин төгөлдөр болов

2025/1/23
 1 дүгээр сарын 22-ны өдөр, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан "Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улс Япон Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр"-ийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай тус бүрийн дотоод журмуудыг биелүүлсэн талаар мэдэгдсэн дипломат ноот бичгийг солилцов. Улмаар уг хэлэлцээр өнөөдрөөс буюу 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болов.
 Энэхүү хэлэлцээр нь Япон, Монголын Засгийн газар хооронд, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор шилжүүлэх батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологитой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Тодруулбал, тодорхой шилжүүлэг тус бүрийг тодорхойлж, баталгаажуулах журмыг тогтоохын зэрэгцээ шилжүүлсэн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологийн зохистой ашиглах нийтлэг журам зэргийг тогтоосон.
 Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Япон, Монгол хоёр улсын хооронд шилжүүлж буй батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологийг, ялангуяа гуравдагч улс руу шилжүүлэх, зориулалтын бусаар ашиглах зэрэгт зохих хяналтаар хангагдаж, Япон, Монголын батлан хамгаалахын техникийн хамтын ажиллагаа болон Японы батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл, технологийн үндэс суурийг сахин хадгалж, сайжруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ Японы аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.