Баянхонгор аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2022/12/9
1 Гэрээнд гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
 12 дугаар сарын 9-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд, Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар гарын үсэг зурав.
 
 Засаг дарга Д.Мөнхсайхан “Япон, Монголын хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймагт 1994 оноос хойш Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд маш олон асуудал дээр дэмжлэг үзүүлж ирсэн. Баянхонгор аймгийн нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд хоёр орны найрамдалт хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах болно” хэмээв.
 
 Уг төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын цэцэрлэгийн ашиглалтыг зогсоосон байсан А байрын их засварын ажил хийгдэж, тус цэцэрлэгт эрүүл, аюулгүй сургалтын орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ цэцэрлэгт орж чадаагүй 90 хүүхдийг шинээр сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой болох юм.
 
 Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 585 дахь, Баянхонгор аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 244,809 ам.доллар (761,846,380 орчим төгрөг) юм.
3 Уулзалтын үеэр