Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2024/12/26
1 Засаг дарга Г.Жаргалсайхан болон Элчин сайд М.Игавахара нар гарын үсэг зурж буй нь
2 Дурсгалын зураг
      12 дугаар сарын 26-ны өдөр, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хичээлийн байранд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд лифт суурилуулах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан нар гарын үсэг зурав.
 
      Элчин сайд М.Игавахара “Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд лифт суурилуулснаар сурагчид сургуулийн давхар хооронд саадгүй чөлөөтэй явах боломж бүрдэнэ хэмээн найдаж байна” хэмээв.
 
      Засаг дарга Г.Жаргалсайхан “Тус сургуульд тулгамдаад байсан лифтны асуудлыг шийдвэрлэж буйд дүүргийн нийт иргэд болон сургуулийн хамт олны өмнөөс Япон Улсын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье” хэмээн дурдав.
 
      Энэхүү төслөөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд лифт суурилуулах юм. Тус сургуульд лифт суурилуулснаар сургуулийн давхар хооронд явахад бусдын туслалцаа шаарддаг байсан сурагчид өөрсдөө бие даан саадгүй зорчиж, багш сурагч, ажилтнуудад хичээл сурлага, ажил хөдөлмөртөө илүү анхаарал хандуулах нөхцөл боломж бүрдэн, дүүрэг болоод бүсийн боловсролын чанар дээшлэхэд  хувь нэмэр болох юм. 

      Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 609 дэх, Баянзүрх дүүрэгт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 89,535 ам.доллар юм.
3 Цэцэрлэгч, ногоочны мэргэжлийн ангийн сургалтын үйл ажиллагаатай танилцах үеэр
4 Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр