Монгол Улсын Гадаад хэргийн яамны санаачлагаар Япон улсад тохиолдсон байгалийн гамшгийн хор уршгийг арилган сэргээн босгохын төлөө ном хурав

2018/9/14
     2018 оны 9-р сарын 11-ний өдөр Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын санаачлагаар энэ жил Япон Улсад тохиосон хар салхи болон Хоккайдо мужийн Ибүри бүс нутгийн зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн сэргээн босгохыг ерөөж Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй 80 орчим лам хуврагууд ном хурлаа. Энэхүү хурал номын үйл ажиллагаанд Монголын ГХЯ-ны төлөөлөгчид, тус ЭСЯ-ны зөвлөх Ш.Хаяаши, Улс төрийн хэлтсийн дарга Ё.Цүгэ нар мөн оролцов.
      Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц лам ном хурахын өмнө “Японд хар салхи, газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшиг дараалан тохиолдож олон хүн амь насаа алдан олон хүмүүс сэтгэлийн зовлонд автсан. Амь насаа алдсан хүмүүсийн хойчийн буянг даатган, үлдэж хоцорсон ар гэрийнхэний сэтгэлийн шарх нэг ч атугай өдрийн өмнө илааршаасай, Япон улс байгалийн гамшгийн хор уршгийг арилган сэргэн босоосой, дахин гай гамшиг бүү тохиолдоосой хэмээн залбирч байна. Мөн Монгол улс зах зээлийн эдийн засаг, ардчилал руу шилжих шилжилтийн хүнд бэрх үетэй нүүр тулгарах үед тусламжийн гараа харамгүй сунгасан Япон улсын ачийг Монголчууд бид хариулах хэрэгтэй. Азийн загвар улс болох Япон нь урд өмнө Хирошима, Нагасакид хаясан цөмийн бөмбөгийн улмаас хүнд хэцүү зовлон амссан бөгөөд үүнийг даван туулж ирсэн Японы ард түмний зовлонгийн шалтгааныг арилгаж, сайны үр тарихыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна ” хэмээн айлдав.
      Монгол улсын Гадаад хэргийн яам болон Гандантэгчэнлин хийдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.